Улаанбаатар //. Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Оюухай-2026” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо.
Монголын уран зохиол нь монгол ахуй, сэтгэлгээ, уран сэтгэмж, дүр дүрслэлийн илэрхийлэл төдийгүй үндэсний нэгдмэл үнэт зүйлийг хадгалсан оюуны өв билээ. Энэхүү өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, залуу үеийн уран бүтээлчдийг дэмжих төрийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэж байна.
Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор зохион байгуулсан “Оюухай-2026” яруу найргийн наадамд нийт 68 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шалгарсан 28 найрагч тайзнаа шүлгээ толилуулж, авьяас чадвараараа өрсөлдлөө.
Тус наадам нь үндэсний утга зохиолын залгамж чанарыг хадгалах, шинэ үеийн авьяаслаг яруу найрагчдыг нээн илрүүлэх, эх хэл, соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан соёлын онцлох үйл явдал болсон юм.
Наадмын шилдгүүдээр:
• Тэргүүн байр, “Оюухай” алтан цомын эзнээр Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Алтанхуяг
• Дэд байрт залуу яруу найрагч Б.Энэрэл
• Гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Торой
• Дөрөвдүгээр байрт залуу яруу найрагч П.Намуун
• Тавдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Гантулга нар шалгарлаа.
