3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга Польш улсын Варшав хотноо үргэлжилж байна. Тэмцээний хэсгийн шатны тоглолтууд орон нутгийн цагаар өчигдөр/2026.06.04/ өндөрлөж, хасагдах шатанд тоглох багууд шалгарав. Харамсалтай нь, Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд шалгарч чадсангүй. Хоёр баг нийлээд ердөө ганцхан хожсон нь шүүмжлэл дагуулж байна.
Мэдээж дэлхийн аваргад тив, бүс нутаг бүрээс шалгарсан шилдэг багууд оролцсон. Сул өрсөлдөгч, амар тоглолт гэж байхгүй. Гэвч 3х3 сагсан бөмбөгийг үндэсний хэмжээнд хөгжүүлж, олноороо хичээллэдэг учир ганцхан хожил байгуулна гэдэг магтам амжилт биш.
Мэргэжлийн багуудыг эс тооцвол энэ жил шигшээ багууд тун тааруу амжилт үзүүлж байна. Азийн аваргад ч хангалтгүй тоглож, тухайн үедээ мөн л олны хэл амны бай болсон. Нэг үеэ бодвол монголчууд 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багуудаа шүүмжлэх, амжилт нэхэх эрхтэй болжээ. Цагтаа цалгиж, олимпод оролцож, дэлхийн аваргаас медаль хүртсэн учир хуучных шиг “өрөвдөх” хэрэггүй болсон гэлтэй.
Өмсгөлийн урд “Монгол” хэмээн бичигдсэн учир тамирчдын амжилт, үр дүн зөвхөн тэдэнд бус монголчуудад хамаарагдана. Тэд аль нэг клуб, хувь хүн, албан байгууллага бус 3.6 сая хүнийг төлөөлж, өрсөлдөж буй учир шүүмжлэх, сайшаах, ярих нь олны асуудал болж байгаа юм.
Шигшээ баг тааруу амжилт үзүүлж буй хариуцлагыг хэн хүлээх вэ? С.Тулга дасгалжуулагч алдаа, оноотой байсан ч Парисын олимпын өмнөхөн гэнэт л сольчихсон. Өөрөө одоог хүртэл үүнд гайхдаг. Тэгвэл Стив Сирт хариуцлага хүлээлгэх үү гэдэг асуулт гарч ирнэ. Эсвэл өнгөрсөн жилийн дэлхийн аваргын амжилтад нь талархаж, үлдээх үү? Стив Сирийг ажиллах хугацаанд эрэгтэй шигшээ баг уналтад орсон гэхэд буруудахгүй.
С.Тулга өөрт нь дахиад боломж олговол 2028 оны Лос Анжелесын олимпод оруулна гэдэгтээ итгэлтэй байна.

Магадгүй Стив Сирт эмэгтэй багаа, С.Тулгад эрэгтэй багаа даатгаж болох юм. Хоёулаа л өөрсдийн онцлогтой багууд, дасгалжуулагчид.
Ямартай ч 3х3 сагсан бөмбөгийн холбоо бол ганц компани, хувь хүний өмч биш. Гудамжны спортыг олимпийн төрөл болно гэдэгт итгэж, хөрөнгө оруулж, хөгжүүлж ирсэн хүн бүхэнд талархаж байна. Гэхдээ одоо уянгалах бус дүгнэх цаг иржээ. Азидаа Филиппин, Сингапур, Өмнөд Солонгосыг дийлэхээ больж, Хятад, Австрали, Шинэ Зеланд, Японы ард явж байна.
Монголын топ спортууд болох жүдо, бокс, чөлөөт бөх бүгд л хариуцлага хүлээж, өөрчлөгдөж чаддаг. Энэ жишиг 3х3 сагсан бөмбөгийн холбоонд хэрэгжих үү гэдэг анхаарал татаж байна.