Хөл бөмбөгийн ДАШТ-2014

УЛААНБААТАР, 2026 оны зургаадугаар сарын 4 //. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна. 

Хөл бөмбөгийн ДАШТ-20142014 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Бразил улсын 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 2014 оны зургаадугаар сарын 12-ноос долоодугаар сарын 13-ны өдрүүдэд болсон билээ.

Энэ удаагийн тэмцээнд урьдын адилаар 32 баг өрсөлдсөн бөгөөд багуудыг хэсгүүдэд хэрхэн хуваасан журмыг дэлгэрэнгүй танилцуулъя. 

Багуудын нэрийг бичсэн бөмбөлгүүдийг дараах байдлаар 4 сагсанд байршуулжээ.

  • 1-р сагсанд зохион байгуулагч улс болох Бразил тэргүүтэй чансаа өндөр багуудыг нэрсийг хийж, хэсэг тус бүрийг толгойлуулсан байна.
  • Бусад сагсанд багуудыг газар зүйн байрлал болон тивээр нь ангилан хийсэн. Сагс бүрд тэнцүү 8 баг байх ёстой байсан тул 4-р сагснаас нэг бөмбөлгийг 2-р сагс руу шилжүүлсэн нь Италийн шигшээ баг байв.
  • Шодолтыг явуулахдаа 1-р сагснаас Бразилын багийг хамгийн түрүүнд гаргаж А хэсгийг толгойлуулсан байна. 
  • Үүний дараа 2, 3, 4-р сагснаас дараалан сугалж хэсгүүдийг бүрдүүлжээ.

2014 оны долоодугаар сарын 13-ны өдөр Рио-де-Жанейро хотын алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болсон шигшээ тоглолтод Германы шигшээ Аргентины багийг нэмэлт цагт 1:0-ээр буулган авснаар 4 дэх удаагаа дэлхийн аваргын цомыг хүртсэн юм. Энэ удаад нэгдсэн Герман улсын нэрээр авсан анхны цом гэдгээрээ түүхэн ач холбогдолтой байв.

Тэмцээний эргэн тойрон дахь сонирхолтой баримтуудыг дурдвал:

  • Хагас шигшээ тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч Бразилын шигшээ баг Германы багт 7:1-ээр бут ниргүүлсэн нь хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн дуулиант тоглолтуудын нэг болсон юм.
  • Тус ДАШТ-ий аварга баг 35 сая ам.долларын мөнгөн шагнал хүртжээ.
  • Хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгаар “Adidas” компанийн ДАШТ-д зориулан хийсэн албан ёсны бөмбөгийг “Brazuca” хэмээн нэрлэсэн.
  • Босни ба Херцеговин улсын шигшээ ДАШТ-д анх удаагаа оролцсон нь цорын ганц орон байв.
  • Германы хөлбөмбөгчин Мирослав Клозе 36 настайдаа ДАШТ-д 14 гоол оруулсан амжилттайгаар сэлгээний тоглогчийн хувиар ирсэн хэдий ч тэмцээний явцад дахин 2 гоол нэмж оруулжээ. Ингэснээр тэрбээр ДАШТ-ий тоглолтууд 16 гоол оруулсан амжилтаар Бразилын домогт Роналдогийн (15 гоол) рекордыг эвдсэн билээ.
  • Уругвай-Италийн хэсгийн тоглолтын 79 дэх минутад Уругвайн довтлогч Луис Суарес Италийн хамгаалагч Жоржо Кьеллинигийн мөрийг хазаж шуугиан тарьсан ба тэрбээр 100 мянган ам.доллароор торгуулж, 9 тэмцээн өнжиж, 4 сар хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ 4 сараар хасуулах шийтгэл хүлээсэн юм.
  • Коста-Рикагийн шигшээ баг хэсгийн тоглолтууддаа нэг ч хожигдолгүйгээр барахгүй ¼-ийн шигшээд гарсан амжилт үзүүлсэн. 
  • Тэр үед ид гялалзаж байсан Бразилын довтлогч Неймарыг зогсоохын тулд өрсөлдөгчид нь дүрмийн бус тоглолт их хийж байлаа. Бразил-Колумбийн шөвгийн 8-ын тоглолтын үеэр Колумбын хамгаалагч Хуан Суньига Неймарын нурууг өвдгөөрөө хүчтэй мөргөж гэмтээснээр, тэрбээр дамнуурган дээр өргүүлж талбайг орхиж, 2 сар гаруй эмчлүүлсэн. Энэхүү гэмтлийн нөхөн төлбөр болгож ФИФА  “Барселона” клубт 238 000 евро төлж байжээ.

Тус ДАШТ-ий мэргэн буучаар  Колумбийн хөлбөмбөгчин Хамес Родригес  6 гоол хийсэн амжилтаараа шалгарсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн