АМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүдийг эхлүүлэхийг зорьж байна

АҮЭБЯ-наас боловсруулан, УИХ-д өргөн барих гэж буй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 10 хувь дотор хүргэж олон улсын жишигт нийцүүлэхээр тусгаж байна.

Ингэснээр 2010 оноос хойш хайгуул хийж, орд ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж батлуулсан 20 гаруй төсөл хэрэгжиж, “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” ордоос төвлөрүүлж буй АМНАТ-ийн 1.6 их наядын орлогыг богино хугацаанд 2.2 их наядад хүргэх боломжтой. Эдгээр төслүүдийг эхлүүлснээр 60 мянган ажлын байр бий болно гэж АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэв.

Энэхүү хуулийг 1994 онд баталснаас хойш 1997, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулж байв. АҮЭБЯ, ХЗДХЯ хамтран Ашигт малтмалын тухай хуульд дүн шинжилгээ хийхэд 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байжээ. УИХ Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Байгалийн баялгийн үр өгөөж ард түмний мэдэлд байх, өгөөжийн дийлэнх нь иргэдэд ногдох эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан бөгөөд бусад хууль, тогтоомжийг Үндсэн хуульл нийцүүлэх тухай 2020 оны 2 дугаар тогтоол баталж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг Засгийн газарт даалгасан нь хэрэгжээгүй. Иймд өнөөдөр хуульд өөрчлөлт оруулах шаардлага үндэслэлийг бий болгосныг тэрбээр тайлбарлалаа.

АМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүдийг эхлүүлэхийг зорьж байна

АҮЭБЯ-наас хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж санал авсан. УИХ хэрэв энэ хуулийн төслийг баталвал гацаанд орсон 20 гаруй зэсийн орд ашиглах төслийг эхлүүлж, 60 мянга гаруй ажлын байр бий болгох, хариуцлагатай уул уурхай бодит ажил болж, татварын суурь тэлж, улсын төсөв болон уул уурхайн орлогоос орон нутагт хуваарилах орлого нэмэгдсэнээр эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдэх зохицуулалтуудыг тусгажээ.

Тухайлбал, “Уул уурхайн нөхөн сэргээлт, хаалт, хариуцлагыг өндөржүүлэх зохицуулалт оруулж байна. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн техник, хөрөнгийн хүчээр биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хариуцаж хийнэ. Төсөл хэрэгжих хугацааны 2/3-т 100 хувь нөхөн сэргээлтийн баталгаа буюу хариуцлагын төлбөр байршуулж, байгалиа нөхөн сэргээсний үндсэн дээр төлбөрөө авах зохицуулалт тусгасан. Энэ нь тогтвортой, хариуцлагатай уул уурхай бий нөхцөл бүрдүүлж байгаа” гэдгийг Б.Дашпүрэв тэмдэглэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн