Израилийн эрх баригчид Палестины эмэгтэй хөлбөмбөгийн багийн тоглогчийг Иерусалимд байцаалтад дуудсан байжээ. Мөн цагдан хорих хугацааг нь сунгасан болохыг Палестины албаныхан мэдэгдэв. Тус улсын хөлбөмбөгийн холбоо Мягмар гаригийн орой /2026.06.02/ баривчлагдсан 20 настай Ранд Халаваниг удаан хугацаагаар цагдан хорьсныг буруутгажээ. Холбооны мэдэгдэлд Халавани болон үндэсний шигшээ багийн хуучин тоглогчийг баривчилсан нь “тусдаа тохиолдол биш, энэ нь Палестины тамирчдыг системтэйгээр онилж буй явдал бөгөөд хариуцлага хүлээхгүйгээр үргэлжилж байна” гэж буруутгасан байв.
Палестины Иерусалимын засаг захиргааны мэдээлснээр, Израилийн шүүх Лхагва гаригт Халаванигийн цагдан хорих хугацааг Баасан гариг хүртэл сунгасан байна.
Түүнээс гадна Израилийн цэргийнхэн Бирзейтийн их сургуулийн оюутан, үндэсний хөлбөмбөгийн тоглогч асан Натали Абу Диех, эзлэгдсэн Баруун эрэгт гурван залуу палестин эмэгтэйг баривчилжээ. Цэргийнхэн мэдэгдэлдээ тухайн дөрвөн эмэгтэйг “террорист үйл ажиллагаа болон терроризмтой холбоотой нэмэлт үйл ажиллагааг сурталчилсан” гэж сэжиглэж байна гэж тайлбарласан байв. Бирзейтийн их сургууль уг баривчилгааг Израилийн “Палестины боловсрол, оюутнуудын эрдмийн мөрөө хөөх эрхийг чиглэсэн системчилсэн бодлогын” нэг хэсэг гэж буруутгаж байна.
Палестины нутаг дэвсгэр дэх хоригдлуудын эрхийн төлөөх гол холбоо болох Хоригдлуудын клубийн мэдээлснээр, одоогийн байдлаар Израилийн шоронд 89 палестин эмэгтэй байгаа бөгөөд тэдний дотор гурван насанд хүрээгүй хүүхэд, гурван жирэмсэн эмэгтэй байна. Мөн тус клуб тавдугаар сарын сүүлээр Израилийн шоронд 9400 гаруй палестин хүн байгаа бөгөөд үүнд Израилийн палестин иргэд ч багтаж байгааг зарласан.