Унгарын ерөнхийлөгч Томаш Шуйок шинэ ерөнхий сайд Петер Мадьяр болон түүний Тисза намын тогтоосон хугацааны дагуу тавдугаар сарын 31-нд огцрохоос татгалзаад буй. Тиймээс Петер Мадьярын засгийн газар ерөнхийлөгчийг огцруулахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгдлээ. Мадьярын хэлж буйгаар Томаш Шуйокийг огцруулахад нэг сар орчмын хугацаа шаардлагатай аж.
Петер Мадьяр дөрөвдүгээр сард сонгуульд ялсныхаа дараа Томаш Шуйок болон Виктор Орбаны томилсон албан тушаалтнуудыг огцруулна гэж амласан юм.
Тэрбээр Томаш Шуйокийг Орбаны эрх ашгийн төлөө ажилладаг хэмээн буруутгаж, албан тушаалаа хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан. Орбаны нам 2024 оны хоёрдугаар сард сонгуульгүйгээр Шуйокийг ерөнхийлөгчийн суудалд суулгаж байв. Шуйокийн хувьд таван жилийн хугацаагаа дуустал албан үүргээ гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн. Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулан байж ерөнхийлөгчийг огцруулах нь нийгэмд хуваагдал үүсгэж, Унгарын ардчиллын талаарх олон улсын үнэлгээг сэвтүүлнэ гэж хэлжээ.
Орбаны Фидес нам Мадьярын шаардлагыг хууль бус тулгалт гэж үзэж байна.
Мадьяр тавдугаар сарын 31-нд “Х” хаягаараа жиргэхдээ “Томаш Шуйок хэзээ ч эмзэг бүлгийнхэн болон халдлагад өртөгсдийн төлөө, эсвэл хуульт засаглалын төлөө зогсч байгаагүй” гэжээ. Тэрбээр өмнө нь Шуйокийг унгар үндэстний эв нэгдлийг төлөөлөхөд зохимжгүй хүн гэж хэлж байв.
Улс төрийн сөргөлдөөн нь Унгарт зориулсан Европын холбооны санхүүжилтыг чөлөөлөх ажилд саад учруулж магадгүй гэж Шуйок үзэж байна. Орбаны удирдлага дор Унгарын ардчилал ухарсан гэж үзсэн тул тус санхүүжилт удаа дараалан хойшлогдоод байсан билээ. Гэхдээ шинэ засгийн газрын тэргүүлсэн шинэчлэлийн хүрээнд 16.4 тэрбум еврогийн санхүүжилтыг удахгүй олгож магадгүй гэж Европын холбоо өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Унгар улсад ерөнхийлөгчийн үүрэг хариуцлага нь харьцангуй бэлгэдлийн шинжтэй байдаг. Тухайлбал, зарим томилгоог баталгаажуулах зэргийг ерөнхийлөгч гүйцэтгэдэг бөгөөд энэ хүрээнд Шуйок зургадугаар сарын 1-ний өдөр цахим хуудсаараа цэргийн хэд хэдэн томилгоог зарлажээ. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч хуулиудыг дахин хэлэлцүүлэхээр парламентад буцааж өгөх, эсвэл хууль тогтоомжийг үндсэн хуулийн шүүхэд шилжүүлэх боломжтой байдаг. Энэ нь аливаа шинэчлэлийн үйл явцыг удаашруулах магадлалтай юм.