С.Карри Хятадын  “Li-Ning” компанитай урт хугацааны гэрээ байгуулжээ

САН-ФРАНЦИСКО, 2026 оны зургаадугаар сарын 2 /AP/. Сагсан бөмбөгийн спортын супер од, “Голден Стэйт Уорриорс” багийн тоглогч Уорделл Стефен Карри Хятадын спортын хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч “Li-Ning” компанитай пүүз, спортын хувцас үйлдвэрлэх урт хугацааны гэрээ байгуулжээ.


Сагсан бөмбөг, гольф болон амьдралын хэв маягийн чиглэлээр С.Карригийн дэлхий дахин дахь нөлөөг улам тэлэх зорилготой уг түншлэлийг эхлүүлж буйг түүний үүсгэн байгуулсан “Curry Brand” өчигдөр мэдэгджээ. С.Карри,  “Li-Ning” компани нь “дэлхий даяар дараагийн үеийн тамирчдад урам зориг өгөх нийтлэг зорилго”-ын дор брэнд бүтээх, бүтээгдэхүүн хөгжүүлэхийн сацуу спортын соёлын санал санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах ажээ.

С.Карри уг хамтын ажиллагааг “насан туршийнх нь түншлэл” хэмээн тодотгожээ. Энэ оны эхээр буюу пүүзний брэндийн хувьд чөлөөт агент байх үедээ тэрбээр Дуэйн Уэйд болон багийн анд Жимми Батлер нарын өмсдөг “Li-Ning” брэндийн пүүзтэй талбайд гарч байсан юм.

Өдгөө 38 настай С.Карри өнгөрсөн оны 11 дүгээр сард “Under Armour” компаниттай 10 гаруй жил үргэлжилсэн хамтын ажиллагаагаа дуусгасны дараа улирлын үлдсэн хугацаанд бараг тоглолт бүрдээ өөр өөр пүүз өмсөх болсон юм. Тэрбээр “Chase Center” ордон дахь хувцас солих өрөөний шүүгээнийхээ дэргэд байрлуулсан том хайрцгаас янз бүрийн пүүз сонгон өмсдөг байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн