Ираны дроны удирдлагын төвүүдэд цохилт өгчээ

АНУ өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны Горук болон Кешм арал дахь радарын болон дроны удирдлагын байгууламжуудад агаарын цохилт өгсөн гэж мэдэгдлээ. АНУ-ын арми эдгээр ажиллагааг олон улсын усан орон зайд нисч байсан “MQ-1 Predator” дроныг Иран буудан унагасны хариуд явуулсан гэж тайлбарлав. АНУ-ын Төв командлалын (CENTCOM) мэдээлснээр, Америкийн сөнөөгч онгоцнууд Ираны агаарын довтолгооноос хамгаалах системүүд, дроны удирдлагын төв болон нэг чиглэлтэй довтолгооны зориулалттай хоёр дроныг устгажээ. Мөн уг ажиллагааны үеэр АНУ-ын цэргийн алба хаагчид бэртэж гэмтээгүй байна.

Эдгээр цохилт нь Вашингтон, Тегеран хоёр гал зогсоох хэлэлцээг сунгаж, дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал гарц болох Ормузын хоолойг нээх асуудлаар хэлэлцэж байгаа үед болсон юм. Үүний зэрэгцээ Кувейт улсын агаарын довтолгооноос хамгаалах системүүд өнөөдөр өглөө эрт нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон пуужингийн довтолгоог таслан зогсоосон гэж мэдэгдэв. Уг халдлагын хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй байгаа. Гэсэн хэдий ч Иран эсвэл Ираны дэмжлэгтэй Ирак дахь шиит бүлэглэлүүд үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Энхийн хэлэлцээ үргэлжилж байгаа хэдий ч АНУ, Ираны хоорондын хурцадмал байдал ийнхүү дахин нэмэгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн