Хамбургийн иргэд Олимп зохион байгуулахыг дэмжсэнгүй

БЕРЛИН, 2026 оны зургаадугаар сарын 1 /TASS/. Хамбург хотын оршин суугчид бүх нийтийн санал асуулгаар Олимп болон Паралимпын наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн санал өгсөн тухай “Bild” сонинд мэдээлжээ.

Ингэснээр Хамбург хот улсынхаа дотоод сонгон шалгаруулалт эхэлж амжаагүй байхад өрсөлдөөнөөс хасагдаж байна. Санал хураалтын дүн бүрэн гарч дуусахаас өмнө оролцогчдын дийлэнх нь 2036, 2040 эсвэл 2044 оны Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлт гаргахыг эсэргүүцэж байгаа нь тодорхой болжээ. Мужийн сонгуулийн хорооны дарга Оливер Рудольфын мэдээлснээр, нийт 652 193 хүн бүх нийтийн санал асуулгад оролцсон байна. Санал хураалтын ирц 49.5 хувьтай байсан бол санал өгөх эрхтэй 16-аас дээш насны 1.3 сая орчим иргэн байжээ.

Ийнхүү Петер Ченчерээр удирдуулсан Хамбург хотын Сенат яг 11 жилийн өмнөх Сенатын адил бүтэлгүйтэлтэй тулгарлаа. Тухайн үед Хамбургийн оршин суугчид 2024 оны Олимпын наадмыг зохион байгуулахыг эсэргүүцсэн санал өгч байсан бөгөөд оролцогчдын 51.6 хувь нь эсэргүүцэж, 48.4 хувь нь дэмжиж байв. Гэхдээ тэр үеийн ирц одоогийнхоос өндөр буюу 50.2 хувь байжээ. Энэ удаагийн санал хураалтын дараа тус хот Мюнхен, Рейн-Рур бүс нутаг болон Берлин хоттой өрсөлдөх дотоод өрсөлдөөнд оролцох боломжгүй болж байна. Германы Олимпын спортын холбоо (DOSB) аль хотыг олон улсын сонгон шалгаруулалтын шатанд нэр дэвшүүлэхээ есдүгээр сарын 26-нд шийдэх аж.

Хамбургийн оршин суугчид Олимпын наадмыг зохион байгуулах саналаас татгалзсан нь хотын дарга Ченчер болон түүний Сенатын хувьд томоохон ялагдал боллоо. Ченчер Олимпыг дэмжигч, гол сурталчлагчийн хувиар идэвхтэй ажилласан хэдий ч эргэлзэж байсан хүмүүсийг ятгаж чадсангүй. 2015 оныхтой адил Олимпыг эсэргүүцэгчид урьдчилан таамаглах боломжгүй санхүүгийн эрсдэлүүд үүсэж болзошгүй гэж болгоомжилж байгаагаас гадна, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн болон томоохон барилгын ажлуудын улмаас хүн ам, хот, байгаль орчинд үзүүлэх ачаалал ихэснэ гэсэн шалтгаануудыг дурджээ. Мөн байрны хэдийн өсөөд байгаа түрээсийн үнэ улам нэмэгдэж, нийтийн биеийн тамир, спортод ямар ч ашиг тус авчрахгүй гэсэн шүүмжлэл гарсан байна. 

Ингэснээр өрсөлдөөнд Мюнхен, Рейн-Рур бүс нутаг, Берлин гэсэн гурван нэр дэвшигч үлдэж байна. Мюнхен болон Рейн-Рурын оршин суугчдын 66 орчим хувь нь Олимпын наадам зохион байгуулах саналыг дэмжжээ.  Берлин хот үндсэн хууль, эрх зүйн шалтгаанаар бүх нийтийн санал асуулга явуулахаас татгалзсан байна. Үүний оронд тус хотын Депутатуудын танхим Олимпын наадам зохион байгуулах хүсэлт гаргах шийдвэрийг тавдугаар сарын 21-нд олонхын саналаар баталжээ.

DOSB энэ оны 10 дугаар сар гэхэд Германыг төлөөлөх нэр дэвшигчийг тодруулах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ Германы Засгийн газар 2040 оны Олимпын наадмыг зохион байгуулахыг дэмжиж байгаагаа өнгөрсөн онд мэдэгдсэн юм. Тус улс 1936 оноос гадна, 1972 онд Мюнхен хотноо Зуны Олимпын наадмыг зохион байгуулж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн