ЦЮРИХ, 2026 оны зургаадугаар сарын 1 /AP/. Түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд оролцох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед Олон улсын хөл бөмбөгийн холбооноос (ФИФА) шүүгчдийн мөрдөх гол удирдамжийг танилцууллаа.
Удирдамжийн гол зорилго нь тоглолтын эрчийг сааруулахгүй байх явдал ажээ. Шүүгчид тодорхой зааварчилгаа авсан бөгөөд тоглолтыг зориуд сунжруулах аливаа оролдлогыг хатуу таслан зогсооно.
Шинэ дүрмээс дурдвал:
- Булангийн цохилт болон шидэлтийг таван секундийн дотор гүйцэтгэнэ. Хэрэв заасан хугацаа дуусахаас өмнө бөмбөгийг тоглолтод оруулахгүй бол цохилт хийх эсвэл шидэх эрх өрсөлдөгч багт шилжинэ. Энэ нь хаалгач бөмбөгийг найман секундээс илүү хугацаанд барьж болохгүй гэсэн одоо мөрдөгдөж буй дүрмийн үргэлжлэл юм.
- Шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, талбайг дур мэдэн орхисон тоглогч улаан хуудас авах эрсдэлтэй.
- Сэлгээгээр сууж буй хөлбөмбөгчин талбайг 10 секундийн дотор орхих ёстой. Харин гэмтэл бэртэл болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хамаарахгүй байна.
- Мөн амаа халхлах үйлдэлд онцгой анхаарал хандуулахаар болжээ. Хэрэв тоглогч өрсөлдөгчтэйгөө маргаан үүсгэсэн шинжтэй харилцахдаа гараараа, ханцуйгаараа эсвэл өмсгөлөөрөө амаа халхалсан байвал шүүгч шууд улаан хуудсаар торгох аж.
“Сөргөлдөөн гэдэг бол тэс өөр асуудал” гэж ФИФА-гийн Шүүгчдийн хорооны дарга Пьерлуижи Коллина онцолжээ.
VAR системийг хэрэглэх хүрээг мөн өргөжүүлжээ. Одоо уг системийг илт алдаатай өгсөн хоёр дахь шар хуудас, дүрэм зөрчсөн тоглогчийг буруу тогтоосон үед, булангийн цохилтыг буруу заасан тохиолдолд хэрэглэнэ. Түүнчлэн стандарт цохилтоос бөмбөгийг тоглолтод оруулахаас өмнө довтолж буй багийн гаргасан зөрчлийг шалгах эрхийг VAR-д олгожээ. Хэрэв уг зөрчил гоол, торгуулийн цохилт эсвэл сахилгын шийтгэлд хүргэсэн бол дүрс бичлэгээр дахин нягталж шийдвэр гаргах юм.
Хэдийгээр тоглолтын явцыг түргэсэхийг зорьж байгаа боловч тоглолтын хугацаа богиносохгүй. Хоёр үеийн дунд тоглогчид ус уух гурван минутын завсарлага авна.