Ихэнх хүмүүс тэтгэвэрт гарахын тулд хэдэн арван жил хөдөлмөрлөж, хуримтлал үүсгэдэг. Харин 33 настай Али Росли энэ ойлголтыг өөрчилж, урт хугацааны “мини тэтгэвэр” авч амьдралын хэв маягаа шинэ түвшинд хүргэжээ.
Тэрбээр сүүлийн долоон жилийн хугацаанд хоёр удаа ажлаасаа мини тэтгэвэр буюу түр завсарлага авчээ. Эхнийх нь 2019 онд хоёр сарын хугацаатай, хоёр дахь нь 2025 оны арваннэгдүгээр сард дөрвөн сарын хугацаатай байсан байна. Эхний завсарлагаа тэрбээр Малайз дахь санхүүгийн салбарын дарамттай, долоо хоногт 80 цаг хүртэл ажилладаг ажлын дараа авч, ядаргаа, стрессээс шалтгаалан шийдвэр гаргасан гэжээ.
Али Росли “Би хэсэг амарч, карьерынхаа талаар дахин бодож байхдаа яагаад урт хугацааны аялал хийж болохгүй гэж бодсон” хэмээн ярив.
Тухайн үед Росли жилд ойролцоогоор 14 мянган фунт стерлингийн орлого олж, орлогынхоо 20–40 хувийг хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийдэг байв. Тэрбээр хуримтлалаа ашиглан Бээжингээс Оросоор дамжин Европ хүртэлх хуурай замын аялал хийж, үүнийгээ “Амьдралын аялал” гэж тодорхойлсон байна.
Аяллын дараа эрч хүч сэлбэсэн түүний хувьд Лондонд санхүүгийн компанид ахлах менежерийн ажилд орж, цалингаа бараг зургаа дахин нэмэгдүүлж, жилд 85 мянган фунт стерлинг болгожээ. Үүний дараа ажлаа солих оролдлого нь амжилтгүй болсон тул дахин завсарлага авч, энэ удаа эхнэрийн хамт Малайз руу буцан дөрвөн сар амьдарсан гэнэ.
Энэ хугацаанд тэрбээр зайнаас санхүүгийн төслийн ажил хийж, орлого олж байсан бөгөөд дараа нь Лондонд буцаж ирэн бие даасан санхүүгийн зөвлөх болон контент бүтээгчээр ажиллах болжээ.
Рослигийн хэлснээр, завсарлага авах нь саад болохоос илүүтэйгээр харин ч дэмжлэг болж чадах гэнэ. Тэрбээр “Миний хувийн туршлагаас харахад миний тэтгэвэр нь карьерын өсөлтийг удаашруулах биш, харин ч хүч нэмдэг зүйл” гэж онцолжээ.
Ирээдүйд тэрбээр 4–5 жил тутамд ийм төрлийн богино хугацааны “мини тэтгэвэр” авах төлөвлөгөөтэй байгаа аж.
2025 оны HSBC байгууллагын “Амьдралын чанар”-ын судалгаагаар өндөр орлоготой залуус, ялангуяа Gen Z болон миллениал үеийнхэн тэтгэврийг нэг удаагийн үйл явдал бус, карьерын туршид давтагдах төлөвлөгөөт завсарлага гэж үзэх хандлага нэмэгдэж байгааг онцолжээ.
Санхүүгийн зөвлөх Келли Реннерийн хэлснээр ийм амьдралын хэв маяг нь өөрөө буруу биш боловч уян хатан ажил, санхүүгийн хатуу төлөвлөлт, хангалттай хуримтлал шаарддаг. Харин төлөвлөлтгүй тохиолдолд энэ нь санхүүгийн эрсдэл үүсгэх магадлалтай бөгөөд ажлын намтар дээрх тайлбаргүй завсарлага нь карьерын хувьд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.