Америкийн генерал Кубын цэргийнхэнтэй уулзжээ

ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 30 /Reuters/. Өмнөд Америк дахь АНУ-ын зэвсэгт хүчнийг хариуцсан генерал баасан гарагт Гуантанамогийн булан дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазын хилийн зурваст Кубын цэргийн өндөр дээд албан тушаалтнуудтай уулзалт хийсэн нь ховор тохиолдол боллоо.

АНУ-ын Зэвсэгт хүчний Өмнөд командлалын захирагч, генерал Фрэнсис Донован Кубын армийн Жанжин штабын даргын нэгдүгээр орлогч, генерал Роберто Легра Сотолонго тэргүүтэй төлөөлөгчидтэй үйл ажиллагааны аюулгүй байдлын асуудлаар товч ярилцсан гэж тус командлалын “X” нийгмийн сүлжээний хуудсанд мэдээлжээ.


Генерал Ф.Донованы Кубад хийсэн энэхүү уулзалт нь сүүлийн жилүүдэд АНУ-ын Өмнөд командлалын захирагчийн хийсэн анхны уулзалт бөгөөд коммунист дэглэмтэй тус улсад АНУ цохилт өгч болзошгүй гэх болгоомжлол нэмэгдэж буй үед болсноороо онцлог юм.


Уг уулзалтаас өмнө буюу энэ сарын эхээр АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ дарга Жон Рэтклифф Хавана хотод очсон нь мөн л ховорхон тохиолдол болсон байна. 


Флорида муж улс дахь куба гаралтай америкчууд Д.Трампыг хүчтэй дэмждэг бөгөөд тэд олон арван жилийн турш Куба дахь дэглэмийг өөрчлөхийг шаардсаар ирсэн юм. Үүнтэй зэрэгцэн Д.Трампын засаг захиргаа тус аралд үзүүлэх дарамт шахалтаа тасралтгүй нэмэгдүүлсээр байна.


Хэрэв ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулбал олон мянган куба болон америк иргэдийн аминд хүрэх “цуст хядлага” болно гэдгийг Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес анхааруулж байгаа юм.


Д.Трамп Кубад шатахуун нийлүүлдэг орнуудад гаалийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлэх замаар тус арлын эсрэг шатахууны хоригийг  тогтоогоод байна. Энэ нь эцэс төгсгөлгүй үргэлжлэх эрчим хүчний хомсдолыг үүсгэж, хэдийнэ доройтсон Кубын эдийн засагт дахин хүнд цохилт боллоо.


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн