Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хоёр жилийн дараа анх удаагаа олон улсын тоглолт хийлээ. Тэд өчигдөр/2026.05.31/ Сингапурын эсрэг талбайд тоглож, 0:4 гэсэн харьцаатай хожигдов. Мэдээж бүтэн хоёр жилийн хугацаанд шигшээ багаараа ганц ч тоглолт хийгээгүй мөн дотоодын лиг нь тогтвортой биш байгаа тул хөлбөмбөгчдийг буруутгах нь учир дутагдалтай.
Тоглолтын тухайд Монголын шигшээ баг эхний 20 минутад давуу тоглож, гоолын боломж үүсгэсэн ч ашиглаж чадаагүй. Харин 23 дахь минутад Х.Цэнд-Аюуш өрсөлдөгч багийн тамирчинг торгуулийн талбайдаа унагаан гоол “бэлэглэчихсэн”. Үүнээс цааш тоглолтын хэмнэл бүхэлдээ Сингапурын талд шилжиж, дүр зураг тодорхой болсон юм.
Шинэ ерөнхийлөгчтэй болоод багагүй хугацааг үдсэн Монголын хөлбөмбөгийн холбоо шигшээ багаа Сан-Марино гаралтай Марго Рагини гэх дасгалжуулагчид даатгасан. Өдгөө 58 настай тэрбээр 2018 онд ФС Улаанбаатар багийг дасгалжуулж байсан бөгөөд саяхныг хүртэл Тажикстаны өсвөр болон залуучуудын багийг удирдаж байжээ.
Монголын шигшээ баг хамгийн сүүлд 2024 оны есдүгээр сард Зүүн Тиморыг 2-0 гэсэн харьцаатай хожсон юм. Үүнээс хойш нэг ч тоглолт хийгээгүй.
Марго Рагинигийн хувьд тавдугаар сарын 14-ны өдөр шинэ ажлаа хүлээн авч, ердөө гурван бэлтгэлийн дараа эхний тоглолтдоо оролцов.

Дебют тоглолтдоо хожигдсон Рагини ярихдаа “Би сэтгэл дундуур байна. Гэхдээ үр дүнд бус гоол алдсан байдлууддаа. Хэрэв Сингапур илүү баг нь байж, сайн тоглосон бол би тэдэнд баяр хүргэнэ. Бид арван тоглогчтой байхдаа хоёр гоол алдлаа. Шалтгаан нь бид сэлгээ хийх гэж гурван минут болчихсон. Бидний зохион байгуулалтын алдаа. Одоо миний ажил, даалгавар бол Монголын шигшээ багийг сайжруулах. Өнгөрсөнд би цөөнгүй шигшээ багийн чиглэлийг өөрчилж байлаа. Харин одоо дахиад нэг боломж гарч ирлээ. Хэрэв тэд надад хугацаа өгвөл би шигшээ багийг нь өөрчилнө” гэжээ.
Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо зургадугаар сарын 5-ны өдөр 20:00 цагаас Хонгконгийн эсрэг хийнэ.
