ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 1 /Reuters/. АНУ-ын Вашингтон муж улсад химийн бодис нөөцлөгч сав задарсны улмаас сураггүй байсан есөн хүний цогцсыг аврагчид олж гаргаснаар амиа алдсан хүний тоо 11 болж нэмэгдсэн тухай албаны хүмүүс мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт “Nippon Dynawave Packaging” компанийн үйлдвэрт цаасан шахдас гаргаж авахад ашигладаг натрийн гидроксид болон натрийн сульфидын химийн уусмал болох “цагаан шүлт” агуулсан нөөцлүүр задарч дэлбэрэх үед хоёр хүн амиа алдаад байсан юм.
Аврах багийнхан үйлдвэр доторх нурангийг зайлуулж, ослын голомтын эргэн тойронд дрон нисгэн сураггүй болсон хүмүүсийг долоо хоногийн турш эрэн хайсан гэж “Ковлиц-2” гал түймэртэй тэмцэх, аврах ангийн дэд дарга Курт Стич мэдээлжээ.
Задарсан нөөцлүүрт ойролцоогоор 900 мянган галлон (3.4 сая литр) “цагаан шүлт” байсан бөгөөд бохирдол ойролцоох Колумб голд тархсан нь шинжилгээгээр батлагдсан болохыг албаныхан мэдэгдсэн байна. Гэхдээ Лонгвью хотын ундны ус болон агаарын чанарт “эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц” өөрчлөлт илрээгүй гэдгийг онцолжээ.
Борлуулалтын хэмжээгээр Японд хоёрдугаарт ордог цаас үйлдвэрлэгч “Nippon Paper Industries” компани нь Сиэтл хотод төвтэй мод бэлтгэлийн “Weyerhaeuser” компаниас Лонгвью дэх тус үйлдвэрийг 225 сая ам.доллароор худалдан авч, улмаар 2016 онд 100 хувийн эзэмшлийн “Nippon Dynawave Packaging” охин компаниа байгуулж байжээ.