Бүх нийтийн санал асуулга явуулахыг Арменид уриалжээ

МОСКВА, 2026 оны тавдугаар сарын 30 /РИА Новости/. Европын Холбоонд элсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз улсуудын төрийн тэргүүн нар Армени улсад хандан уриалсан тухай Кремлийн ордны хэвлэлийн алба мэдээллээ.

Астана хотод болсон Евразийн эдийн засгийн холбооны /ЕЭЗХ/ дээд хэмжээний уулзалтын дүнгийн тухай хамтарсан мэдэгдэлд дурдсаныг үзвэл “ЕХ-нд элсэх эсвэл ЕЭЗХ-нд үлдэх эсэх асуудлаар аль болох ойрын үед Армени улсад бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэсэн байр суурийг бид баримталж байна” гэжээ. Мөн Арменийн гишүүнчлэлийг зогсоосноос үүдэн ЕЭЗХ-нд учрах үр дагаврын талаар тус холбооны засгийн газар хоорондын зөвлөл 12 дугаар сард тайлагнана гэдгийг баримт бичигт дурдсан байна.    

Армени улс ЕХ-нд элсэхээр бэлтгэж буйтай холбоотойгоор Евразийн эдийн засгийн холбоонд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг Владимир Путин, Александр Лукашенко, Касым-Жомарт Токаев,  Садыр Жапаров нар онцлон тэмдэглэсэн байна.

Арменийн төлөвлөгөөний талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ярихдаа, ЕЭЗХ-ны гишүүн байх нь Армени улсад ямар ашиг тустай байгааг өмнө нь сануулж байсан юм. Тодруулбал, тус улсын хөгжил тогтвортой байж, ДНБ нь жилд багагүй хэмжээгээр өсөж байв. Мөн 1000 шоо метр хийн үнэ Европт 600 доллар байдаг бол Армени улс Оросын хийг 177.5 доллароор худалдан авдаг ажээ.  

В.Путин өмнө нь мэдэгдэхдээ, Армени улс түншүүдээ сонгох эрхтэй, гэхдээ хоёр өөр бүтцэд нэгэн зэрэг байх боломжгүй гэдгийг сануулж байсан бөгөөд ЕХ-нд элсэх асуудлаа аль болох ойрын хугацаанд шийдвэрлэхийг уриалсан юм.  

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Казахстанд болсон ЕЭЗХ-ны дээд хэмжээний уулзалтад ирээгүй бөгөөд үүнийгээ “сонгуулийн кампанит ажил”-тай холбон тайлбарлажээ. Тэрбээр хэлэхдээ “хэрвээ манай улс ЕЭЗХ-ноос гарахаар болбол гарах үйл явц гэнэт явагдахгүй, харин төлөвлөгөөтэйгээр аажмаар явагдана, ийм учраас бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй” гэсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн