НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцох ёстой байсан Оросын Гадаад хэргийн дэд сайд Александр Алимовт виз олгоогүй гэж Кремль АНУ-ыг буруутгаж байна. ОХУ-ын НҮБ дэх төлөөлөгч Василий Небензя тавдугаар сарын 26-нд НҮБ-ын хуралдааны үеэр үг хэлэхдээ “Манай улсын НҮБ-тай холбоотой асуудлыг хариуцдаг Алимов төлөөлөх ёстой байсан. Түүнд виз олгооч гэж АНУ-ыг бүх талаас ятгасан ч амжилт олсонгүй” гэжээ.
НҮБ-ын төв байрыг Нью-Йоркт байгуулах тухай гэрээнд анх заахдаа НҮБ-ын үйл ажиллагаанд оролцохоор ирж буй гадаадын дипломатуудын визийг АНУ аль болох хурдан шуурхай, үнэ төлбөргүй олгох ёстой гэсэн байдаг. Иймд АНУ гэрээг зөрчсөн гэж ОХУ үзэж байна.
Үүний зэрэгцээ энэ алхам нь тавдугаар сард Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргалж буй Хятадыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж Небензя хэлжээ. Тэрбээр “Бид үүнийг АНУ зөвхөн НҮБ-ын төв байрны тухай гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн явдал гэж үзэхгүй байна. Тус гэрээний дагуу НҮБ-д нэвтрэх боломжийг бүх албан тушаалтан болон гишүүн орнуудад ялгаварлалгүй олгох ёстой. Мөн бид үүнийг Аюулгүйн зөвлөлийг даргалж буй Хятадыг үл хүндэтгэсэн ноцтой тохиолдол гэж үзэж байна” гэжээ.
АНУ гадаадын төлөөлөгчид виз олгоогүй тохиолдол ганц үүгээр дуусахгүй. Тухайлбал, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи визний асуудлын улмаас дээрх Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцох боломжгүй болсон гэж харьяа яам нь мэдэгдсэн. АНУ өнгөрсөн жил ч бас НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр Нью-Йорк дахь Ираны төлөөлөгчдийн хөдөлгөөнд хатуу хязгаарлалт тогтоож байв. Мөн 2019 онд тухайн үеийн Ираны ерөнхийлөгч Хассан Руханиг НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанд ирэх гэхэд нь визийг нь удаашруулж байгаад, эцэст нь олгож байжээ.