Л.Месси тэрбумтан болжээ

ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 23 /ВВС/. Саудын Арабаас тавьсан ер бусын ашигтай саналаас татгалзаж, “Интер Майами” багт ирж байсан Аргентины хөлбөмбөгчин Лионел Месси тэрбумтан болжээ.  

Блүүмбэрг агентлагийн хийсэн тооцоогоор, 2007 оноос хойш Месси цалин урамшуулал хэлбэрээр 700 сая гаруй долларын орлого олсон байна. Татвар, зах зээлийн ханш, хөрөнгө оруулалт ба ивээн тэтгэгчдийн гэрээ хэлцлүүдээс олсон орлого зэргийг нь тооцвоос түүний цэвэр хөрөнгийн хэмжээ 1 тэрбум ам.доллароос давжээ.

Л.Месси тэрбумтан болжээ

Ингэснээр тэрбээр өөрийн эртний өрсөлдөгч Криштиану Роналдугийн адилаар хоёр дахь “тэрбумтан-хөлбөмбөгчин” болж, дэлхийн хамгийн чинээлэг тамирчдын эгнээнд орж ирлээ. Гурван жилийн өмнө Саудын Арабын “Аль-Наср” багт шилжин ирсэн Роналду хагас жилийн өмнө анхны тэрбумтан хөлбөмбөгчин болсон билээ.

Аргентины шигшээ баг 2022 онд ДАШТ-д түрүүлсний дараа Саудын Арабын хөл бөмбөгийн мэргэжлийн лигийн нэгэн багаас ирүүлсэн 400 сая долларын саналаас Месси татгалзсан нь түүнийг дэмжигчдийн гайхшралыг төрүүлсэн юм.

“Мөнгө бол миний хувьд хэзээ ч асуудал болж байгаагүй, хэрвээ мөнгөнд гол учир байсан бол би Саудын Араб эсвэл хаа нэгтээ газар луу явах байсан” гэж тухайн үед Месси ярьж байв.

Харин жил ирэх тусам “Интер Майами”-гийн санхүүгийн байдал сайжирсаар тус баг өдгөө АНУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй баг болоод байгаа бөгөөд дэлхийн чансаанд 16 дугаарт бичигдэж байна.  

“Интер Майами”-д ирснээр Мессигийн хувьд мөнгө олох боломж нь улам нэмэгджээ. Тухайлбал, Apple TV+ «MLS Season Pass» стриминг үйлчилгээний багцын шинэ захиалгуудаас Мессид хувь олгох асуудлыг Америкийн хөл бөмбөгийн холбоо ба Apple компани хэлэлцэж байна. Учир нь, Месси тус багт ирснээс хойш хэдхэн сарын дараа стриминг үйлчилгээний захиалагчдын тоо хоёр дахин нэмэгджээ.

Блүүмбэргийн мэдээнд дурдсанаар, Месси хөл бөмбөгөөс гадуур ч гэсэн хэд хэдэн бизнес төсөлд оролцож байгаа гэнэ. Тухайлбал, тэрбээр 2024 онд Mark Anthony International SRL компанитай хамтран Más+ by Messi гэдэг ундааг зах зээлд гаргаснаас гадна Аргентины El Club de la Milanesa гэдэг зоогийн газруудын сүлжээнд хөрөнгө оруулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн