Орос улс Беларусь руу цөмийн зэвсэг шилжүүлжээ

Оросын батлан ​​хамгаалах яам цөмийн хүчний сургуулилалтын хүрээнд хөрш Беларусийн пуужингийн бригад байрладаг бүсэд цөмийн зэвсэг шилжүүлж өгсөн гэж мэдэгдэв. Энэ алхам нь Украин болон Европын орнуудын эсэргүүцлийг өдөөж болзошгүй юм. Оросын Батлан хамгаалах яам Пүрэв гаригт (2026.05.21) мэдээлэхдээ, Беларусийн пуужингийн бригад “Iskander-M” пуужингийн системийн хөөргөгч төхөөрөмжүүдэд “тусгай зориулалтын сум, цэнэг” ачиж, дараа нь нууцаар товлосон бүс рүү шилжүүлсэн гэжээ. Мөн тус яамнаас цахим сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгт цэргийн ачааны машинууд ой модтой бүсээр явж, пуужингуудыг хөөргөгч төхөөрөмж дээр суурилуулж буйг харуулсан байна. “Iskander-M” нь богино зайн баллистик пуужин юм.Үүнээс өмнө ОХУ цөмийн хүчнийг бэлтгэх болон ашиглахтай холбоотой гурван өдрийн сургуулилалт зохион байгуулж байгаагаа мэдэгдсэн. Тус сургуулилалтад 64 мянга гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа аж. Беларусийн Батлан хамгаалах яам мөн Оростой хамтран цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх, ашиглах ажиллагааны журмыг шалгах сургуулилалт хийж байгаагаа мэдээлжээ. Беларусь өнгөрсөн арванхоёрдугаар сард Орост үйлдвэрлэсэн “Oreshnik” дунд тусгалын баллистик пуужинг өөрийн нутагт байршуулснаа зарласан. Уг пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай гэж үздэг. Энэхүү алхам нь Украин болон Европын бусад орнуудад түгшүүр төрүүлж болзошгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн