Итали улсын Чесенатико хотноо энэ сарын 12-18-нд болсон Европын охидын мэдээлэл зүйн VI олимпиадад 59 орны 218 охид оролцож, программчлал, кодчиллын мэдлэг, ур чадвараараа өрсөлджээ.
Монгол Улсын баг тус олимпиадад амжилттай оролцож, ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Сод-Уянга тусгай байрын шагнал хүртсэнийг Боловсролын ерөнхий газрын мэдээлэв. Мөн “Нэст Эдүкэйшн” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Уранхишиг, “Олонлог Экзэ” сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Сувд, Б.Хүслэн нар амжилттай оролцоод эх орондоо ирсэн байна.

Багийн ахлагчаар МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн МТЭС-ийн багш Г.Багаболд нар ажиллажээ. Монгол Улс тус олимпиадад тав дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ хугацаанд нэг хүрэл медаль, дөрвөн тусгай байрын шагнал хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
