Улаанбаатар //. Боловсролын яамны Төрийн Нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНСУ-ын Дэжон хотын боловсролын газрын удирдлагуудтай уулзлаа.
Боловсролын яамны мэдээлснээр, 24 жилийн турш тасралтгүй үргэлжилж буй хамтын ажиллагааны хүрээнд 558 монгол багш БНСУ-д сургалт, чадавхжуулах хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ тус улсын мэдээлэл, технологийн дэвшилтэт туршлага, шийдлүүдийг нутагшуулах чиглэлд анхаарч байна.
Мөн Монгол Улсын хамгийн олон сурагчтай “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль болон Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийг ухаалаг анги, танхимтай болгох төсөл хэрэгжүүлж байна. Уулзалтын үеэр хоёр хоёр талын хамтын ажиллагаа энгийн нэг төсөл хөтөлбөрийн хэмжээнд бус, стратегийн түншлэлийн түвшинд хүрч, байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг 2031 он хүртэл сунгажээ.
Түүнчлэн дижитал шилжилтийн эрин үед дэд бүтэц, суралцах орчин чухал боловч хүүхдүүдийг дижитал чадварт сургах багш нараа чадавхжуулах нь хамгийн чухал болохыг Дэжон хотын боловсролын газрын удирдлагууд онцлов.
