Харвардын их сургууль онц дүнг хэмжээ хязгаартай тавьдаг болно

Харвардын их сургууль олон жилийн турш үргэлжилсэн дүнгийн хэт инфляцийг бууруулахын тулд бакалаврын оюутнуудад өгөх A дүнгийн тоог хязгаарлахаар болжээ. Энэ шийдвэр олон оюутны урмыг хугалаад байна. Харин багш нарын бүрэлдэхүүн дийлэнх нь энэ шийдвэрийг дэмжжээ.

Уг шийдвэрийн дагуу 2027 оны намрын улирлаас эхлэн нэг ангийн нийт оюутны ойролцоогоор 20 хувьд л А дүн тавина. Шинэ систем хэр үр дүнтэй байсныг гурван жилийн дараа танилцуулах аж.

Их сургуулиуд олон жилийн турш дүнгийн инфляци гэх асуудалтай тэмцсээр ирсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам оюутнууд улам өндөр дүн авсаар, дундаж үнэлгээ хиймлээр өсөх үзэгдлийг дүнгийн инфляци гэдэг.

Энэ асуудал Харвардад илүү их газар авсан гэдэг. Тодруулбал, 2024-25 оны хичээлийн жилд бакалаврын нийт дүнгийн ойролцоогоор 60 хувь нь A байжээ. Энэ нь 2005-06 оны хичээлийн жилийн 25 хувьтай харьцуулахад асар их өссөн үзүүлэлт юм. Үүнээс шалтгаалаад Харвардын дүн үнэгүйдэж байгаа гэхэд хилсдэхгүй аж. А дүн онцгой ялгарлын бэлгэдэл байсан цаг үеийг эргүүлэн авчрахаар зорьж буйгаа уг саналыг боловсруулсан дэд хороо мэдэгджээ.

Харвардын бакалаврын боловсрол хариуцсан декан Аманда Клэйбаг хэлэхдээ “Энэ бол маш чухал санал хураалт. Миний бодлоор энэ шийдвэр Харвардын академик соёлыг илүү бэхжүүлнэ. Бусад сургууль ч ийм асуудалтайгаа нүүр тулахад энэ шийдвэр түлхэц болно” гэжээ.

Үнэлгээний системд орсон өөр нэг өөрчлөлт нь цаашид оюутанд шагнал, өргөмжлөл зэргийг олгохдоо голч дүнг харахгүй, харин тухайн оюутан ангидаа хэдэд эрэмбэлэгдэж байсныг чухалчлана.

Дашрамд дурдахад, хиймэл оюун ухааны хэрэглээ дүнгийн инфляцийг улам дордуулж байгааг Калифорнийн их сургуулийн саяхны судалгаа харуулжээ. Тодруулбал, хиймэл оюун ухаан ашиглах боломжтой хичээл заадаг багш нар оюутнуудад ойролцоогоор 30 хувиар илүү А дүн тавьсан байжээ. Хиймэл оюун ухааны эрин үе боловсролын системд сорилт болж байгаа нь дамжиггүй. Үүнээс улбаатайгаар Принстоны их сургууль л гэхэд оюутнууд багшгүйгээр шалгалт өгөх боломжтой байсан дүрмээсээ ухраад байна. Энэ дүрмийг тус сургууль 133 жил мөрдсөн боловч цаашид шалгалтуудыг заавал хяналттай явуулах болжээ.

ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн