АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалаас хэдхэн хоногийн дараа Хятадын удирдагч Ши Жиньпин дахин нэг томоохон зочноо хүлээн авч байна. Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Мягмар гаригаас (2026.05.19) эхлэн хоёр өдрийн хугацаатай төрийн айлчлал хийхээр төлөвлөгдсөн. Трампын хувьд өнгөрсөн долоо хоногт болсон айлчлалынхаа үеэр өрнө, дорнын хоёр хүчирхэг гүрний харилцааг сайжруулах тал дээр анхаарсан. Харин Путин Хятад улсад айлчилж байгаа нь “дотнын найз” гэх тодотголтой Хятад- Оросын урт хугацааны харилцааг бататгах зорилготой бололтой. Мөн 25 дах удаагаа айлчилж байгаа хүний хувьд Украины эсрэг дайн үргэлжилж байгаа энэ үед Хятадын дэмжлэгийг алдахгүй байх нь чухал юм. Путин өмнө нь Хятад болон Орос улс “урьд өмнө нь байгаагүй” харилцаатай гэж хэлж байсан.
Айлчлалын өмнөх нийтэлсэн бичлэгтээ мөн хоёр орон цаашид ч нягт хамтран ажиллаж, түншлэл, нөхөрлөлөө гүнзгийрүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно гэж онцлон тэмдэглэжээ.
Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Путины энэ удаагийн айлчлал хоёрдугаар сард төлөвлөгдсөн байсан гэж мэдэгдэв. Мөн саяхан болсон Трампын айлчлалтай ямар ч холбоогүй гэж онцолсон байна. Гэхдээ Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр, энэ айлчлал нь Трампын Хятадад хийсэн яриа хэлэлцээний талаар Путин, Ши Жиньпин нар санал солилцох сайхан боломж болно гэжээ. Трампын айлчлалын үеэр талууд найрсаг харилцаатай байхаа онцолсон бөгөөд томоохон хэлэлцээнд тооцогдох зүйл хийгээгүй. Ши Жиньпин тухайн үед АНУ-Хятадын харилцаа маш чухал бөгөөд хоёр улс өрсөлдөгч бус, түнш байх ёстой гэж мэдэгдсэн юм. Мөн хоёр улс “стратегийн тогтвортой байдлыг хангасан бүтээлч харилцаа” байгуулахаар тохиролцсон. Бээжин үүнийг дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг хоорондын хурцадмал байдлаа бууруулах шинэ үеийн эхлэл болно гэж найдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпин Трампт Хятадын Коммунист намын удирдлагын хаалттай цогцолбор болох Жүннаньхайг танилцуулсан нь маш ховор тохиолдол байв. Цөөн хэдэн гадаад удирдагч л тус цогцолбортой танилцаж байсан тул Трамп үүнд сэтгэл хангалуун байсан гэж мэдээлжээ. Нээлттэй микрофоноор бичигдсэн ярианд Ши Жиньпин “Маш ховор. Жишээ нь, Путин энд ирж байсан” хэмээн хэлсэн байна. Оросын ерөнхийлөгчийн нэрийг дурдсан явдал нь Ши Жиньпин Хятад-АНУ-ын харилцаа сайжирч байгаа ч Бээжин болон Москвагийн харилцаа бат бөх хэвээр байна гэдгийг харуулахыг хүссэн гэж шинжээч нар үзжээ. Стэнфордын их сургуулийн судлаач Жозеф Торигианы хэлснээр, АНУ-Хятадын харилцаа сайжирч буй нь Оросын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэсэн ойлголт төрөхөөс Москва зайлсхийхийг хүсч байна.
Мөн Орост “орхигдсон”,“урвасан” мэт мэдрэмж төрүүлэхгүй байхыг Хятад улс зорьж байна гэж тэрбээр нэмж хэлжээ.
Ши Жиньпин Лхагва гаригт Путиныг ёслолын ажиллагаагаар угтан авснаар төрийн айлчлал албан ёсоор эхэлнэ. Үүний дараа талууд Ардын их танхимд хэлэлцээ хийхээр төлөвлөгдсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Трампын хийсэн айлчлалын үеийн хөтөлбөртэй төстэй байх болно. Мөн хоёр удирдагч орой нь Хятад-Оросын Найрамдлын гэрээний 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох аж.
Хятад, Оросын албаныхны мэдээлснээр, удирдагч нар эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаа, түүнчлэн “олон улсын болон бүс нутгийн гол асуудлууд”-ын талаар хэлэлцэнэ.
Энэ айлчлал Кремлийн хувьд тун эгзэгтэй үед болж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины дронууд Москва хотын төв хэсэгт цохилт өгч, энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Мөн энэ сарын эхээр болсон Путины цэргийн парадад өмнөх жилүүдийнх шиг баллистик пуужин болон танкны цуваа харагдсангүй. Энэ нь Оросын цэргийн техник хэрэгслийн ихэнх нь Украины дайнд ашиглагдаж байгааг ил тод харууллаа. Атлантын зөвлөлийн Евразийн төвийн ахлах судлаач Майкл Боцюркив “Путин одоо маш их сандарч, түгшсэн байдалтай байна. Тэр дайнд ялагдвал бүх зүйл нь дуусна гэж бодож байгаа” гэж үзэж байна. Путин дотооддоо ч өсөн нэмэгдэж буй дарамттай нүүр тулж байна. Дайнаас болж эдийн засагт үзүүлж буй нөлөө болон интернэт сүлжээ хаагдах зэрэг олон нийтэд таалагдахгүй арга хэмжээнээс болж Кремль шүүмжлэлд өртөж байна. Зарим нэр хүндтэй Оросын сэтгүүлч, инфлюнсерүүд хүртэл засгийн газрыг шүүмжилж эхэлсэн.
Оросын төрийн судалгааны байгууллага “VTsIOM”-ын мэдээлснээр, өнгөрсөн сард Путины рейтинг 65.6 хувь болж буурсан нь 2022 онд Украинд бүрэн хэмжээний халдлага эхэлснээс хойших хамгийн доод түвшин болжээ.
Мөн дайн нь Оросыг Хятад улсад улам хамааралтай болгож байна. Хятад улс мөргөлдөөнд төвийг сахисан байр суурьтай байдаг гэж мэдэгддэг ч Москваг улс төр, эдийн засгийн хувьд дэмжсээр ирсэн. АНУ болон түүний холбоотнуудын эсэргүүцлийг үл харгалзан иргэний болон цэргийн зориулалтаар ашиглаж болох техникийн эд ангиудыг ч Хятад улс Орост нийлүүлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, Путин Ши Жиньпинтэй хийх уулзалтын үеэрээ Трампын Украин болон энхийн хэлэлцээний талаарх хамгийн сүүлийн үеийн байр суурийг нь мэдэхийг хүсч байж магадгүй аж.
Бээжин Москвагийн хамгийн том худалдааны түнш бөгөөд Оросын газрын тос, хийн хамгийн том худалдан авагч болсон байна.
Энэ нь дэлхийн худалдааны чухал гарц болох Ормузын хоолойд үүссэн доголдлын нөлөөнөөс Хятадыг тодорхой хэмжээнд хамгаалж байгаа юм. Оросын албаныхны мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад руу нийлүүлсэн газрын тосны хэмжээ 35 хувиар өссөн байна. Гэсэн ч шинжээчид Орос одоо илүү сул байр суурьтай болсон гэж үзэж байна. Тэдний хэлснээр, Орос дайнд ялалт байгуулах магадлал улам тодорхойгүй болж байгаа нь Бээжингийн хувьд Оросын ач холбогдлыг бууруулж мэднэ. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс тодорхой хэмжээнд Оросыг хүчээ сулруулахыг хүсэж байгаа ч бүрэн сүйрэхийг нь хүсэхгүй байна. Учир нь энэ нь Бээжинд эдийн засгийн хувьд илүү ашигтай нөхцөл бүрдүүлнэ. Тухайлбал, Хятад улс байгалийн баялаг ихтэй Арктикийн бүсэд хамтарсан төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Гэвч Орос энэ тал дээр болгоомжтой хандаж иржээ.
Путин видео мэдэгдэлдээ, Орос, Хятад хоёр бие биеийхээ “үндсэн ашиг сонирхлыг” дэмждэг гэж онцолсон байна. Хятадын хувьд үүнд Тайвань багтаж байгаа бөгөөд Бээжин тус арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. Тайвань нь АНУ-ын дэмжлэгээс ихээхэн хамааралтай. Мөн АНУ нь Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй ч хамгийн том олон улсын дэмжигч хэвээр байна. Трамп сүүлийн үед Тайванийг дэмжигчдийн санааг зовоосон мэдэгдэл хийсэн.
Тухайлбал тус аралд худалдахаар төлөвлөж буй 14 тэрбум ам.долларын зэвсгийн наймааг Ши Жиньпинтэй хийх хэлэлцээний нэг “хөзөр” болгон ашиглаж болно гэж хэлсэн байна.
Гэсэн ч Трампын засаг захиргааны албаныхан АНУ-ын Тайванийн талаарх бодлого өөрчлөгдөөгүй гэж удаа дараа мэдэгдсэн байна. Шинжээч Майкл Боцюркивын хэлснээр, хэрэв АНУ Тайванийг дэмжих байр сууриа сулруулж байгаа мэт харагдвал Орос улс хөршүүддээ илүү түрэмгий хандах магадлалтай аж. Энэ нь Европын хувьд муу мэдээ гэж тэрбээр үзэж байгаа бөгөөд Орос кибер халдлага, худал мэдээллийн кампанит ажил, улс төрийн дарамт зэрэг “эрлийз дайн”-ы тактикаа улам өргөжүүлж магадгүй. Мөн Боцюркивын хэлснээр, Хятад болон Орос АНУ-ын дэлхий дахин дахь нэр хүнд, нөлөөг сулруулах асуудал дээр илүү нягт хамтран ажиллах магадлалтай байна.