АНУ-ын Хууль зүйн яам Кубын ерөнхийлөгч асан Раул Кастрод эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөж байна. Энэ нь 30 гаруй жил үргэлжилсэн мөрдөн шалгалтын үр дүн юм. Майами дахь холбооны прокурорууд 1990-ээд Раул Кастрод холбогдох яллах дүгнэлтийн төслийг боловсруулж байжээ.
Өдгөө 94 настай Кастрог Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үедээ буюу 1996 онд Куба-Америкийн “Brothers to the Rescue” бүлгийн хоёр иргэний нисэх онгоцыг сөнөөх тушаал өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгасан юм. “Brothers to the Rescue” бүлгийн онгоцууд тухайн үед Кубын агаарын хилээс гадуур нисэж, Хаванагийн оршин суугчдад хүргэх зорилготой Кубын засгийн газрын эсрэг мессеж бүхий олон мянган ухуулах хуудас цацдаг байв. Олон улсын агаарын орон зайд болсон уг халдлагын үеэр Кубын хоёр “MiG” сөнөөгч онгоц дөрвөн хүнийг хөнөөсөн. Тэдний гурав нь америк хүн байв.
Кастрод хэрэг үүсгэх оролдлого улс төрийн тэргүүлэх чиглэл өөрчлөгдсөнөөс болж намжсан мэт харагдаж байсан ч мөрдөн шалгалтад оролцсон прокурорууд болон албан тушаалтнуудын хэлснээр тэд хэргийг хэзээ ч бүрэн хаагаагүй аж.
Дашрамд дурдахад, Раул Кастро нь Кубын удирдагч агсан Фидель Кастрогийн дүү. Раул 1959 оны Кубын хувьсгалд оролцож, ялалт байгуулсны дараа Цэргийн сайд болж, энэ албыг 50 жил хашжээ. 2006 оны долдугаар сарын 31-нд Фидель Кастро түүнд албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа тэр Кубын удирдлагыг хүлээн авч байв.