Португалийн багш нар цалин нэмэхийг шаардан жагсав

Португалын нийслэл Лиссабон хотын төвөөр Бямба гаригт олон мянган багш жагсаж, цалин нэмэх, албан тушаал ахих хугацааг түргэсгэх болон хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг засгийн газраас шаардлаа. Жагсаалыг багш нарын “FENPROF” үйлдвэрчний эвлэл зохион байгуулсан. Тус эвлэл засгийн газрыг бага цалин, ажлын хэт ачаалал болон карьерын ахиц удааширсан асуудлыг үл тоомсорлож байна гэж буруутгажээ.

Португалын засгийн газар 2024 онд 2011 оны санхүүгийн хямралын үеэр царцаасан ажлын жилүүдийг үе шаттайгаар сэргээх талаар үйлдвэрчний эвлэлүүдтэй тохиролцсон юм. Энэхүү шийдвэрийн хүрээнд улсын сургуулийн 100 мянга гаруй багшийн цалингийн зэрэглэл нэмэгдэж, сарын орлого нь хэдэн зуун еврогоор өсжээ. Гэсэн ч олон багш энэ арга хэмжээ хангалтгүй гэж үзэж байна.

Португалын улсын сургуулийн анхан шатны багш нар татварын өмнөх дүнгээр сард ойролцоогоор 1,714 евро авдаг нь “OECD”-ийн орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлтэд тооцогдож байна.

Жагсаалд оролцсон багш нар бага цалин, удаан карьерын өсөлт нь ялангуяа залуу багш нарын дунд сэтгэл дундуур байдал үүсгэж байгаа бөгөөд улсын боловсролын тогтолцоонд дарамт учруулж байгааг анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн