БЕРЛИН, 2026 оны тавдугаар сарын 17 /DW/. Мюнхений “Бавариа” баг 2025-2026 оны улирлын Германы аварга шалгаруулах тэмцээнд 89 оноогоор түрүүлж, өчигдөр болсон сүүлчийн тоглолтын дараа аваргын цомыг гардан авлаа.
Германы АШТ-ий энэ улирлын сүүлчийн тоглолтод мюнхенчүүд “Кёльн” багийг 5:1 харьцаагаар хожсоноор түүхэндээ тус тэмцээнд 35 дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм. “Бавариа” баг 4 дүгээр сарын 19-нд “Штутгарт”-ыг хожсоноор тэмцээн дуусахаас дөрвөн тойргийн өмнө аваргын болзлыг хангаад байв.
Баваричууд энэ улиралд 122 гоол оруулж, мөн 35 дахь удаагаа аваргалсан нь Бундеслигийн түүхэн дэх дээд амжилтууд юм. Хоёрдугаар байрт Дортмундын “Боруссиа” баг 73 оноо, 70 гоолтойгоор шалгарсан бол “РБ Лейпциг” баг 65 оноо, 66 гоолтойгоор гуравдугаар байр эзэллээ.
Түүх сөхвөл, 1970-аад оны эхээр Герд Мюллерийн дасгалжуулсан “Бавариа” баг нэг улиралд 101 гоол оруулж, дээд амжилт тогтоож байжээ.