Я.Синнер 31 тоглолтонд дараалан хожжээ

МОСКВА, 2026 оны тавдугаар сарын 12  /РИА Новости/.  Дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнер эх орон нэгт Андреа Пеллегриног хожсоноор “Мастерс” ангиллын цуврал тэмцээний шөвгийн наймд шалгарлаа.

8.2 сая долларын шагналын сантай тус тэмцээний IV тойргийн тоглолт 1 цаг 29 минутын турш үргэлжиж, Я.Синнер 6:2, 6:3 харьцаагаар дэлхийн чансааны 155-д бичигдэж буй Пеллегриног хожсон байна.

Ингэснээр Италийн теннисчин “Мастерс” цувралд 31 тоглолт дараалан хожсон бөгөөд энэ үзүүлэлтээр Сербийн тамирчин Новак Жоковичтэй зэрэгцэж ирлээ. Саяхан Синнер 30 удаа дараалан ялалт байгуулсан Швейцарын Рожер Федерерийг гүйцсэн юм.  

Одоо шөвгийн наймд тэрбээр Оросын теннисчин Андрей Рублев /дэлхийн чансааны 14/ ба Гүржийн тамирчин Николоз Басилашвили /117/ нарын хожсонтой нь тоглоно. 

Өдгөө 24 настай Синнер Мэргэжлийн теннисчдийн холбооны /АТР/ ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 28 удаа түрүүлээд байгаа юм. Мөн Их дуулгын тэмцээнүүдэд 4 удаа түрүүлснээс Australian Open (2024, 2025) тэмцээнд 2 удаа, US Open (2024) ба Уимблдоны (2025) тэмцээнүүдэд тус бүр нэг удаа аваргалжээ. Түүнчлэн 2023, 2024 онуудад Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэвисийн цомыг хүртсэн байна.

“Мастерс” бол Их дуулга ба АТР холбооны улирлын төгсгөлийн тэмцээнүүдийн дараа орох тэмцээн юм. Одоо Ром хотын шороон гадаргуутай талбайд болж буй тэмцээн 17-ны өдөр өндөрлөнө.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн