Их Эе: Үндэсний бөхийн холбоог хэн тэргүүлэх вэ?

Монголын үндэсний бөхийн холбооны “Их Эе” хурал дөрвөн жилийн дараа албан ёсоор өнөөдөр/2026.05.15/ болно. Дөрвөн жилийн өмнө бөхийн холбоо хоёр хуваагдсан байдалтай, допинг, цолны эрэмбийн асуудалтай байлаа. Энэ удаад ч нам жим болохгүй бололтой. Арав дахь “Их Эе” хурлын гол асуудал нь допинг хийгээд бөхийн холбооны шинэ тэргүүний асуудал байх нь дамжиггүй. Ц.Магалжав албан ёсоор дөрвөн жил холбоог удирдаж, энэ өдөр дүнгээ тавиулах учиртай.

Нийт 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй “Их Эе” хурал болно. Тэдний саналаар бүх зүйл шийдэгдэнэ.

Бөхийн холбооны тэргүүнд хэн өрсөлдөх вэ гэдэг сонирхол татаж буй. Ямартай ч Ц.Магалжав дахин өрсөлдөх нь тодорхой. Харин түүнтэй хэн өрсөлдөх вэ? Бор шувуудын жиргээнээр бол С.Мөнхбат аварга, Ч.Санжаадамба аварга тэргүүтэй бөхчүүд өрсөлдөнө гэх. Архангай, Увс гэсэн бөхийн том төлөөлөлтэй аймгууд нөлөөгөө ихэсгэхийг хүсэх нь мэдээж. Тэдний санал, хүсэл дундын хүн дээр огтлолцох боломжтой.

Ч.Санжаадамба аварга дөрвөн жилийн өмнө “Их Эе”-ийн үеэр “Ц.Магалжаваас өөр нэр дэвших хүн энд алга байна. Би нэр дэвшиж болно. Гэхдээ энд та нарын троллууд байна. Одоо барилдаж байгаа бүх залуусаа энд цуглуулж байгаад санал хураалт явуулбал би дэвшье.  Энэ хуралд ирсэн та нарын хүмүүс та нарын төлөө л саналаа өгнө. Монголын сайн сайхны төлөө юм ярихад ганц нь ч дэмжихгүй байна. Бөхөд сэтгэлтэй хүн бөхийн холбооны тэргүүн баймаар байна. Тань шиг/Ц.Магалжав/ хүн баймааргүй байна” гэж хэлээд хурлыг орхин гарсан юм.

2022 онд Ц.Магалжав болон улсын начин Б.Одхүү нар тэргүүнд өрсөлдөж, Б.Одхүү нэрээ татаж байсан билээ. Улмаар 98.5 хувийн саналаар Ц.Магалжав сонгогдсон түүхтэй.

С.Мөнхбат болон Ч.Санжаадамба аваргуудад бөхчүүд, бөх сонирхогчид ам сайтай байдаг ч аль нэг нь давуу санал авна гэдэг учир дутагдалтай. Тиймээс Ц.Магалжав шиг бөхөөрөө “жижиг” аймгийн хүн л тэргүүнд хүчтэй өрсөлдөнө. Нөгөө талдаа улсын заан Б.Сайнбаяр нэгэн цагт бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2022 онд түүнийг дэмжигчид ч олон байсан. Гэвч өөрөө шунаагүй. Энэ удаад өрсөлдөх үү гэдэг сонирхолтой. Мөн УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөговь аймгийн засаг дарга байхдаа тэргүүнд өрсөлдөнө гэх яриа гарсан. Түүнчлэн улсын гарьд Н.Ганбаатарыг дэмжигчид ч их бий.

Ингээд харахаар одоогийн байдлаар Ц.Магалжав улирах магадлал тун өндөр байна. Түүнийг олон хүн допингийн асуудлаар шүүмжилдэг.

Нэг аймгаас таван төлөөлөгч оролцоно. Үүн дээр улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, бөхийн холбооны тэргүүлэгч гишүүд, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд, Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, Жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн