Милан Кортина 2026
АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.
Милан Кортина 2026 өвлийн олимпын нээлтийн ёслолын үйл ажиллагаа Монголын цагаар өнөөдөр/2026.02.06/ шөнө буюу Бямба гаригт шилжих шөнө 03:00 цагаас эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагааны оргил хэсэг нь улс орон бүрийн баг тамирчид төрийн далбаатайгаа жагсах билээ. Агуулгаараа тухайн улс олимпын нээлтэд жагсана гэдэг нь бүрэн эрхт, тусгаар улс гэдгээ дэлхий нийтэд таниулж буй хэрэг.
Энэ удаагийн олимпын нээлт анх удаагаа хоёр өөр газар буюу Милан болон Кортина хотуудад нэгэн зэрэг болно.
Нээлтийн үеэр цэнгэлдэхэд Олон улсын олимпын хорооны далбааг мандуулдаг. Тэгвэл энэ жил дараах хүмүүс олимпын хорооны тугийг мандуулна.
Миланд
- Тадатоши Акиба /Япон/, Хирошимагийн захирагч асан
- Ребка Андраде /Бразил/, Бразилын түүхэн дэх хамгийн амжилттай олимпын тамирчин. Тэрбээр олимпын хоёр алтан медальтай.
- Марям Букар Хассан /Нигерью/, уран бүтээлч, яруу найрагч, НҮБ-ийн энх тайвны элч төлөөлөгч
- Николо Говони /Итали/, зохиолч, тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигч
- Филиппо Гранди /Итали/, НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссар асан
- Элиуд Кипчоге /Кени/, хоёр удаагийн олимпын аварга
- Синди Нгамба /Дүрвэгсдийн олимпын баг/, дүрвэгсдийн багаас олимпын алтан медаль хүртсэн анхны тамирчин
- Пита Тауфатофуа /Тонга/, Тонга улсыг төлөөлөн зуны болон өвлийн олимпод оролцсон тамирчин
Кортинад
- Франко Нонес /Итали/, гүйлтийн цанын анхны олимпын аварга
- Мартина Валчепина /Итали/, Олимпын гурван удаагийн медальт
Монгол Улсын туг баригчаар хэн байх вэ?
Энэ удаагийн олимпод Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын тамирчин А.Ариунбат нар өрсөлдөнө. Харин эдгээр тамирчдаас Э.Ариунтунгалаг болон А.Ариунбат нар туг баригчаар нээлтэд жагсах болно.
Э.Ариунтунгалагийн хувьд анх удаагаа олимпод гүйлтийн цанын төрлөөр оролцож байгаа бөгөөд Монголын ганц эмэгтэй тамирчин гэдгээрээ онцлогтой.
Харин А.Ариунбатын тухайд уулын цанын төрөлд олимпод оролцож буй Монголын анхны тамирчин. Ерөнхийдөө мөс хагалж, түүх бичиж буй нэгэн.
Ийм хоёр тамирчин энэ удаагийн нээлтэд Монголын тугийг барьж, жагсах хүндтэй үүргийг гүйцэтгэнэ.

Баруун гар талаас А.Ариунбат, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Э.Ариунтунгалаг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Б.Ачбадрах