Дилав хутагт монголынхоо нэрийг хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг сэтгэл зүрхэндээ тээж амьдарсан

, 2026 оны тавдугаар сарын 14Америкийн Монгол судлалын төв, Дилав хутагт сангаас зохион байгуулсан “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын үндэсний музейд энэ сарын 12-13-нд болов.

АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ой, Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, АНУ, Их Британи, Япон улсаас монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд оролцож,  төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжав, Америкийн нэрт монголч эрдэмтэн, өвөр ази судлаач Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэрэг, яндашгүй арвин өв санг олон талаас нь судалж шинжилсэн сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Тус үеэр Дилав хутагтын үүх түүх, амьдралын замнал, хувь хүний мөн чанар, үлдээсэн өвийнх нь талаар судлаачдаас тодрууллаа.

Дилав хутагт монголынхоо нэрийг хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг сэтгэл зүрхэндээ тээж амьдарсан

АНУ-ын Конгрессын номын сангийн Монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ:  

-Дилав хутагттай холбоотой өв сангийн дийлэнх нь АНУ-ын Конгрессын номын санд хадгалагдаж байгаа гэдэгт маргашгүй. Иймд Конгрессын номын санд ажиллаж байгаагийн хувиар тус сан дахь өвийг гаргаж ирэхээр ажиллаж байна. Одоогоор хоёр ном гаргаад байна. Эхний бүтээлийг хоёр жилийн өмнө Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяртай хамтран тус номын санд хадгалагдаж буй Дилав хутагтын бичсэн 108 захидлыг ном болгон хэвлүүлсэн. Саяхан Конгрессын номын сан, Пенсильванийн их сургуульд хадгалагдаж буй бичиг баримт болон хувь хүний цуглуулгын материалуудыг эмхэтгэн, “Дилав хутагтын баримт бичиг” номоо гаргалаа. Эдгээр нь одоогоор миний мэдэж судалсан зүйл гэсэн үг. Түүний цааш зөндөө өв бий.

Дилав хутагт 1884 оны хүн шүү дээ. 1949 оны хоёрдугаар сард АНУ-д очоод, насан өөд болох хүртлээ Америкийн буддын шашны судалгаанд үлэмж их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр дундаа монгол судлалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан тул олон тооны монгол судлаачид багшаа хэмээн үздэг байсан байгаа юм. Үүний зэрэгцээ тэрээр Улаанбаатар аялгуун дээр суурилсан тухайн үеийн БНМАУ-д ярьж байсан хэл ярианы амьд эх сурвалж болж өгсөн. Учир нь Хангины Гомбожав гуай бол цахар хүн. Өргөнгөө Онон гуай болохоор дагавар монгол хүн байсан. Яг халх аялгуу ярьдаг монгол хүн гэж тэр үед тэнд байсангүй.

Тиймээс хүн хоорондын харилцаа буюу Америкт анх очсон монголчуудын түүхийг харуулсан ном хэвлүүлэх нь миний дараагийн нэг ажил болоод байна. Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх жил он гарангуут нэгдүгээр сарын 27-нд  болно. Дилав хутагт, Хангины Гомбожав, Өргөнгөө Онон гэсэн анхны гурван хүн болон тэдгээр хүмүүсийн араас Америкт суурьшсан Дилав хутагтын шавь нарын түүхээр ном гаргах бодолтой байна.

Дилав хутагт монголынхоо нэрийг хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг сэтгэл зүрхэндээ тээж амьдарсан

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл:

-Тухайн үеийн монгол судлаачид Дилав хутагтыг буддын шашны голлох зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн гэдэг өнцгөөс сонирхон, түүний зохиол бүтээлийг судлахыг зорьж байсан. Ялангуяа хувь намтар болон Монголын түүх, шашны тухай бүтээлүүд хэвлэгдэж буй эсэхийг сураглаж байсан байдаг. Тухайлбал, Оуэн Латтиморын бусад орны монголч эрдэмтэдтэй харилцсан захидалд, Дилав хутагтын зохиол бүтээлээс дурдахын зэрэгцээ энэ их хүмүүний эрдэм чадал, зан чанарынх нь тухай дурдсан удаатай.

Оуэн Латтимор Дилав хутагтын тухай бичихдээ аливаад нягт нямбай. Миний туурвиж буй зохиол бүтээлийг хэн унших бол, уншсан хүн хэрхэн хүлээж авах бол хэмээн урьдчилан тооцож, ихээхэн төлөвлөдөг байсан тухай бичсэн нь бий. Америкийн нэрт монголч эрдэмтэн Николас Поппе Дилав хутагтыг үндэсний бичгээрээ гаргацтай сайхан бичдэгийн зэрэгцээ төвөд хэлийг гаргуун сайн эзэмшсэн номч хүн байсан. Түүний өөр нэг эрхэм сайхан чанар бол эх түүх, соёл, бичиг үсэг, өв уламжлалаа машид дээдэлдэг, гаднын хүмүүст тайлбарлаж таниулах, зааж сургах сонирхолтой хутагт хувилгаан байсан хэмээн бичсэн нь бий.

Дилав хутагтыг гаднын орнуудаар явахад монгол орныг сонирхон судалдаг эрдэмтэн судлаачид очиж уулзан, мэдээгүй таниагүй зүйлсийнхээ талаар тайлбарлуулж авдаг байсан байгаа юм. Тиймээс Дилав хутагт гадаадын олон арван эрдэм чадалтай хүмүүстэй урт хугацаанд нөхөрлөж, тогтвортой харилцаж ирснийг түүх бэлхнээ өгүүлдэг.

Дилав хутагт монголынхоо нэрийг хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг сэтгэл зүрхэндээ тээж амьдарсан

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор О.Батсайхан:

-Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Дилав хутагтад тэнсэн харгалзах ял тулгасан тул 1931 оны хоёрдугаар сарын 26-нд Дотоодыг хамгаалах газрын шугамаар урд хилээр эх орноосоо гарсан. Үүнээсээ цаашлаад Төвөд, Хонконг, Энэтхэг зэрэг орноор дамжин, Америкт 1949 онд очоод, 1965 он хүртэл тэндээ суурьшсан. Дилав хутагт бол бурхны шашны өндөр дээд түвшний хэргэм цолтой хүн. Орь залуугаасаа бурхны шашны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн. Буддын шашны мяндагтан хүний хувьд Дилав хутагт социализмтай нэг орон зайд багтаж амьдрахгүй юм байна гэдгээ аль эрт ойлгосон байгаа юм. Ингээд эх орноо бүрмөсөн орхин явсан.

АНУ-д амьдарч байхдаа нэрт монгол эрдэмтэн Оуэн Латтимортой хамтарч монгол судлалыг хөгжүүлэх, монголын түүх соёлыг таниулах, буддын шашныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн зүрх сэтгэлийг бүрэн зориулсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Түүнчлэн 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэхэд энэ хүн монгол орноо насан туршдаа бүх цаг үед сэтгэл зүрхэндээ тээж явснаа өөрийн эрхгүй илэрхийлж, хуралдааны дэгийг зөрчин алга ташиж, баярласан сэтгэлээ илэрхийлсэн байдаг. Тэгэхээр энэ их хүмүүн цохилох зүрхнийхээ тоогоор Монголынхоо төлөө, монгол гэх нэрийг нь хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг дотор биедээ тээж амьдарчээ. Хожим нь цаг наашилсан үед Улсын дээд шүүхийн шийдвэрээр нэр төрийг нь цагаатгаж, сэргээсэн юм.

Дилав хутагт монголынхоо нэрийг хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг сэтгэл зүрхэндээ тээж амьдарсан

Дилав хутагт монголынхоо нэрийг хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг сэтгэл зүрхэндээ тээж амьдарсан

Дилав хутагт монголынхоо нэрийг хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг сэтгэл зүрхэндээ тээж амьдарсан

Дилав хутагт монголынхоо нэрийг хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг сэтгэл зүрхэндээ тээж амьдарсан

Дилав хутагт монголынхоо нэрийг хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг сэтгэл зүрхэндээ тээж амьдарсан

Дилав хутагт монголынхоо нэрийг хугалчихгүй юм сан гэх хүсэл тэмүүллийг сэтгэл зүрхэндээ тээж амьдарсан

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн