Зэвсгийн асуудал Газын гал зогсоох хэлэлцээг гацаав

АНУ-ын зуучлалтайгаар байгуулсан Газын гал зогсоох хэлэлцээг хариуцаж буй дипломатч Николай Младенов “Хэрэв Хамас зэвсгээ хураалгавал дайны дараах Газад улс төрийн үүрэгтэйгээ үлдэх боломжтой” гэж мэдэгдлээ. Тэрбээр Лхагва гаригт (2026.05.13) Иерусалимд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Бид Хамасыг улс төрийн хөдөлгөөн байдлаар бүр мөсөн алга болохыг шаардаагүй. Гэхдээ зэвсгээ хураалгах асуудал бол хэлэлцэх боломжгүй нөхцөл” гэж хэлсэн байна.

Младеновын хэлснээр, Хамас зэвсгээ өгөхөөс татгалзаж байгаа нь гал зогсоох хэлэлцээрийн дараагийн шатны яриа хэлэлцээг гацааж байна. Харин Хамас Израилыг гал зогсоох тохиролцоог удаа дараа зөрчиж байна гэж буруутгажээ. Хэлэлцээрийн эхний шатанд 2023 оны аравдугаар сард Израилын өмнөд хэсэгт болсон халдлагын үеэр олзлогдсон хүмүүсийг суллаж, хариуд нь Израилын шоронд хоригдож байсан палестинчуудыг чөлөөлсөн байна. Хоёр дахь шатанд Хамас зэвсгээ хүлээлгэн өгөх, Израилын арми Газын зурвасаас гарах, мөн хоёр жил гаруй үргэлжилсэн дайны улмаас сүйдсэн бүс нутгийг сэргээн босгох ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Аравдугаар сарын 10-нд хүчин төгөлдөр болсон гал зогсоох хэлэлцээрээс хойш долоон сарын хугацаанд Израилын арми Газын зурвасын 50 гаруй хувийг хяналтдаа байлгасаар байгаа бөгөөд энэ хугацаанд дор хаяж 856 палестин хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Мөн хүмүүнлэгийн байгууллагууд Израилийг амласан хэмжээний тусламжаа Газа руу нэвтрүүлэхгүй байгаа гэж мэдэгдсэн бол Хамас зэвсгээ өгөхөөс татгалзсаар байгаа аж. Младенов “Израилын цэргийг бүрэн татахын тулд гал зогсоох төлөвлөгөө бүхэлдээ хэрэгжих ёстой” гэж онцолжээ.

Харин Хамасын хэвлэлийн төлөөлөгч Хазем Кассем “Газын гал зогсоох хэлэлцээрийг Хамас биш, харин Израиль зөрчиж байна” гэж мэдэгдлээ. Тэрбээр дипломатч Николай Младеновын мэдэгдэлд хариу өгөхдөө, хэлэлцээрийн эхний шатанд тусгасан нөхцөлийг хэрэгжүүлж, хоёр дахь шатны яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд Израилд шахалт үзүүлэх ёстой гэж хэлжээ. Кассемийн хэлснээр, гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш Газад 850 гаруй палестин хүн амиа алдсан байна. Мөн Хамас зуучлагчдын гаргасан саналуудыг эерэгээр хүлээн авч, хэлэлцээг урагшлуулахын төлөө ажилласан гэж мэдэгдэв.

Израилын Газа дахь халдлагыг хянадаг Зэвсэгт мөргөлдөөний байршил ба үйл явдлын мэдээллийн төсөл (ACLED) Лхагва гаригт гаргасан тайландаа, Израиль дөрөвдүгээр сард гуравдугаар сартай харьцуулахад Газад хийсэн довтолгоогоо 35 хувиар нэмэгдүүлсэн гэж дурджээ. Мөн АНУ-тай хамтран Иранд явуулж байсан бөмбөгдөлтөө таван долоо хоногийн өмнө зогсоосноос хойш Израиль цэргийн хүчээ Газын зурвас руу илүү чиглүүлсэн гэж тайланд онцолсон байна.

Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 8-нд Ирантай байгуулсан эвлэрлээс хойш Израилын халдлагын улмаас 120 палестин хүн амиа алдсаны дотор найман эмэгтэй, 13 хүүхэд багтаж байна. НҮБ-ын мөрдөн шалгах баг өнгөрсөн онд гаргасан дүгнэлтдээ, Израилын Газа дахь дайн нь “геноцидын шинжтэй” байсан бөгөөд Израилын цэргүүд энгийн иргэдийг “санаатайгаар хөнөөсөн” гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн