Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.
Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-1966
Олон улсын хөл бөмбөгийн холбооноос (ФИФА) 1960 оны наймдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу найм дахь удаагийн ДАШТ-ийг Английн долоон хотын найман цэнгэлдэх хүрээлэнд 1966 оны долоодугаар сарын 11-30-ны өдрүүдэд зохиосон билээ.
Тус тэмцээний эрх олгох журмыг Африкийн орнууд эсэргүүцсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Африк тивээс шалгарсан багийг Ази эсвэл Далайн орнуудын багтай нэмэлт тоглолт хийж байж Лондоныг зорих болзол тавьсныг Африкийн 16 орон эрс эсэргүүцэн тэмцээнийг өнжсөн байдаг. Иймээс 1966 оны ДАШТ-д Европ тивийн 10, Өмнөд Америкийн 4, Ази тивээс 1, Төв ба Хойд Америкаас 1 баг нийт 16 улс оролцжээ.
Өмнөх ДАШТ-үүдийн адил 16 баг дөрвөн хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрээс шалгарсан шилдэг хоёр баг хасагдах шатны тоглолтод өрсөлдөв. Шувтаргын тоглолтод эзэн орон Английн шигшээ баг ХБНГУ-ын багийг нэмэлт цагт 4:2-оор буулган авснаар түүхэндээ анх удаа Дэлхийн аваргын цомыг өргөсөн билээ.
1966 оны ДАШТ-ий эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
- Тэмцээн эхлэхийн өмнөхөн буюу 1966 оны гуравдугаар сард олон нийтэд сурталчилгааны зорилгоор үзүүлж байсан Жюль Римэгийн цом хулгайд алдагдаж, Англи даяар эрэл сурал болжээ. Удалгүй сонины цаасанд ороож, Лондоны нэгэн цэцэрлэгийн бутан дотор нуусан цомыг Пиклс нэртэй нохой олсон байна. Цом олдоогүй тохиолдолд гардуулахаар яг ижил хувилбарыг (дуураймал) хийлгэж байсан бөгөөд уг хувилбар нь өдгөө Манчестер хотын хөл бөмбөгийн музейд хадгалагдаж байна.
- ДАШТ-д анх удаа оролцсон БНАСАУ-ын баг хэсгийн тоглолтод дэлхийн хошой аварга Италийн багийг 1:0-ээр хожиж хасагдах шатанд шалгарч байсан бол Португалын баг хэсгийн тоглолтдоо Унгар, Бразилийн багуудыг илүүрхэн хожиж шуугиан тарьж байв.
- Аргентин-Английн хооронд болсон шөвгийн наймын тоглолтын үеэр Германы шүүгч Рудольф Крайтляйн Аргентины тоглогч Антонио Раттинаг талбайгаас хөөсөн нь маргаан дагуулсан. Үүнээс 30 минутын дараа тоглолтын хувь заяаг англичуудын оруулсан цорын ганц гоол шийдсэн бөгөөд хожим нь Раттинаг “муухай харсных нь төлөө” хөөснөө Германы шүүгч хүлээн зөвшөөрсөн байдаг. Аргентинчууд энэ явдлыг “Зууны луйвар” (el robo del siglo) хэмээн нэрлэжээ.
Энэ удаагийн ДАШТ-ий шилдэг довтлогчоор Португалын домогт хөлбөмбөгчин Эйсебио 9 гоол оруулсан амжилтаар шалгарчээ.