“Sports Illustrated” сэтгүүл хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) үеэр томоохон хэмжээний цуврал тоглолт болон VIP үдэшлэгүүдийг зохион байгуулах гэж байгаа тухайгаа мэдэгджээ. АНУ-ын дөрвөн хотод болох эдгээр тоглолтод оролцох гол уран бүтээлчид нь 50 Cent, Nelly, The Chainsmokers, Diplo болон Gordo нар байх болно гэж AP агентлаг мэдээлсэн байна.
Тус сэтгүүл ДАШТ-д зориулсан “SI Beyond the Pitch” нэртэй хөгжмийн шинэ цуврал төсөл эхлүүлж байгаагаа зарласан байна. Төслийн хүрээнд Лос-Анжелес, Даллас, Майами, Нью-Йорк хотуудад тоглолтууд ба VIP үдэшлэгүүдийг зохион байгуулах ажээ.
Төслийн нээлт зургаадугаар сарын 12-нд Лос-Анжелес хотын “Hollywood Palladium” концертын танхимд болох бөгөөд рэп дуучин Nelly уран бүтээлээ толилуулна. Үүний дараа цуврал тоглолт Даллас хотод үргэлжилж, зургаадугаар сарын 20-нд SILO клубт Gordo-гийн шоу болно. Зургаадугаар сарын 26-нд Майами хотын DAER талбайд электрон хөгжмийн дуэт The Chainsmokers тоглоно. Харин хаалтын тоглолт долоодугаар сарын 18-нд Нью-Йорк хотын “Cipriani Wall Street” төвд болох бөгөөд 50 Cent ба Diplo оролцох ажээ.
“Medium Rare” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Жо Зилберцвейг удахгүй болох ДАШТ-ийг АНУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах “үе үеийнхний спортын хамгийн гол үйл явдал” гэж тодорхойлжээ. Түүний хэлснээр, зохион байгуулагчид дэлхийн хөл бөмбөгийн тэмцээний уур амьсгалыг шөнийн томоохон шоу болон хөгжөөн дэмжигчдэд зориулсан VIP үзвэрүүдтэй хослуулахыг зорьж байгаа аж.
Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) зохион байгуулагч орнуудын эрх тэгш байдлыг тодотгох үүднээс АНУ, Канад, Мексик улсуудад гурван удаа нээлтийн ёслол хийхээр шийдвэрлэжээ.
“The Athletic” цахим хэвлэлд мэдээлснээр, нээлтийн тоглолтуудын өмнө АНУ-д Кэти Перри, Канадад Майкл Бубле, Мексикт Mana хамтлаг тус тус ая дуугаа өргөнө.
Дуучин Шакира Нигерийн дуучин Burna Boy-той хамтран бичүүлсэн “Dai Dai” нэртэй “ДАШТ-2026”-гийн албан ёсны сүлд дууг танилцуулаад байгаа билээ.