Хойд Солонгос улс хүн амын хөгшрөлт болон хүн ам зүйн өөрчлөлтийг тусгасны үндсэн дээр оффисын ажилтнуудын тэтгэвэрт гарах насыг гурван жилээр нэмэгдүүлсэн байна. Тус улсын 1978 онд батлагдсан хөдөлмөрийн хуулиар тэтгэврийн насыг эрэгтэй 60, эмэгтэй 55 байхаар тогтоосон байсан. Нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн оффисын ажилтнуудын тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, эрэгтэй 63, эмэгтэй 58 болгожээ.
Энэхүү шинэчлэл нь тэтгэврийн тогтолцооны хувьсал болон оюуны хөдөлмөрийн ач холбогдол нэмэгдэж буйг илтгэнэ. Хүн ам хөгширч, дундаж наслалт нэмэгдэж байгаа нөхцөлд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь зүй ёсны алхам гэж албан мэдэгдэлд дурджээ.
Хойд Солонгост төрөлт багасч, хүн ам хөгшрөх үзэгдэл ажиглагдах болсон. Өмнөд Солонгосын Статистикийн газраас өнгөрсөн онд мэдээлснээр, 2024 оны байдлаар Хойд Солонгосын 25.87 сая хүн амын 11.4 хувийг 65 болон түүнээс дээш насныхан эзэлж байв. Энэ нь олон улсын стандартаар хөгширч буй нийгмийн ангилалд багтаж байна. Мөн төрөлтийн түвшин 2024 онд 1.60 байсан нь хүн амын нөхөн үржихүйн түвшин болох 2.1-ээс доогуур үзүүлэлт юм.
Дашрамд дурдахад, Хойд Солонгос улс 2024 оны аравдугаар сард Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, хөдөлмөр эрхлэх доод насыг 16-аас 17 болгож, сонгууль өгөх болон нэр дэвших насыг нэг жилээр нэмэгдүүлэн 18 болгожээ.