Тархины хорт хавдрын эсрэг үр дүнтэй вакцин гарган авчээ

Америкийн молекул биологичид тархины хорт хавдрын хамгийн түрэмгий хэлбэрүүдийн нэг болох глиобластомын эсрэг үр дүн сайтай бөгөөд өвчтөнд тохирсон вакцин бүтээх аргыг боловсруулжээ. Энэхүү вакцин нь дөрөвдүгээр шатандаа орсон глиобластоматай нэгэн өвчтний амьдрах хугацааг уг хавдар оношлогдсоноос нь хойш 5 жил гаруйгаар уртасгасан гэж Вашингтон муж улсын Их сургуулийн (WashU) хэвлэлийн алба мэдээлжээ.

“Туршилтуудын үр дүн бидэнд маш их урам зоригийг өглөө. Энэхүү вакцин нь глиобластоматай тэмцэх зорилгоор гарган авсан анхны бэлдмэл юм. Бид өөрсдийн боловсруулсан технологийг ашиглан өвчтөнүүдийн биеийн байдлыг мэдэгдэхүйц сайжруулж чадах хувь хүнд тохируулсан эмчилгээг бий болгож чадсандаа баяртай байна” гэж WashU-ийн дэд профессор Таннер Йоханнс ярилаа. 

Йоханнс болон түүний багийнхны онцолсноор, сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд эрдэмтэд глиобластомыг дарангуйлах дархлааны эмчилгээний аргыг боловсруулахыг удаа дараа оролдсон боловч туршилтууд үндсэндээ амжилтгүй болдог байв. Уг хавдар ийм төрлийн эмчилгээнд маш хурдан тэсвэртэй болдог төдийгүй дархлааны тогтолцооны хариу урвалаас өөрийгөө нууцлах чадвартай тул ийнхүү амжилтгүй болсоор ажээ.

Энэхүү хамгаалалтыг даван туулахын тулд Америкийн молекулын биологичид тухайн өвчтөний бие дэх глиобластомагийн эсүүдээс ялгаруулж буй уургийг шинжилж, тэдгээрээс дархлааны хамгийн хүчтэй урвал үүсгэдэг 40 пептидийг ялгаж авдаг алгоритм боловсруулжээ. Энэхүү уургийн багцад тулгуурлан судлаачид ДНХ-ийн вакциныг бэлтгэж, саяхан глиобластоматай нь оношлогдсон есөн өвчтөний арьс, булчингийн эсэд тарьсан байна.

Дараагийн ажиглалтуудын явцад энэ төрлийн хорт хавдрыг дарангуйлах хувь хүнд тохируулсан вакцин нь маш үр дүнтэй болох нь батлагджээ. Вакцин өвчтөнүүдийн 66 хувьд нь хавдрын тархалт бүрэн зогсож, эмчилгээ эхэлснээс хойш нэгээс дээш жил амьдрах боломжийг олгосон бол тархины хорт хавдрын стандарт эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн ердөө 40 орчим хувь нь л энэ хугацаанд амьд сэрүүн үлддэг байна.

Үүнтэй адилаар туршилтад оролцогчдын гуравны нэг нь эмчилгээ эхэлснээс хойш хоёроос дээш жил амьдарсан нь уламжлалт эмчилгээний үзүүлэлтээс хоёр дахин өндөр байгаа юм. Түүнчлэн нэгэн эмэгтэй өвчтөн тархины хорт хавдраас бүрэн ангижирч, дөрөвдүгээр шатандаа орсон хавдар оношлогдсоноос хойш 5-аас дээш жил амьдарч чаджээ. Энэхүү амжилт нь глиобластомагийн эсрэг хувь хүнд тохируулсан дархлааны эмчилгээг цаашид боловсронгуй болгох асар их боломж байгааг харуулж байна гэж Йоханнс болон түүний багийнхан дүгнэжээ.

Глиобластомагийн тухай

Глиобластома нь тархины хорт хавдрын хамгийн түгээмэл, хүнд ноцтой хэлбэрүүдийн нэг юм. Ийм төрлийн хорт хавдараар дэлхий дээр жил бүр 300 мянга орчим хүн оношлогддог ажээ. Ихэнх өвчтөн оношлогдсоноос хойш 12-18 сарын дотор нас бардаг байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн