Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.
Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын үеэр хэрэглэж байсан бөмбөгнүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг цувралаар хүргэж байна.
1930 оны ДАШТ-ий “T-Model” ба “Tiento” бөмбөг

Хөл бөмбөгийн түүхэн дэх анхны ДАШТ-д зориулан албан ёсны бөмбөг үйлдвэрлээгүй тул 1930 онд Уругвайд болсон тэмцээний туршид өөр өөр загварын бөмбөгүүдийг ашиглаж байжээ. Шувтаргын тоглолтын өмнө шүүгч Жон Лангенус Уругвай, Аргентины шигшээ багуудын ахлагч нараас ямар бөмбөгөөр тоглохоо сонгохыг хүссэн байна. Талбайн эзэд гараар оёсон “Т” хэлбэрийн 11 зүсэм арьснаас бүрдэх, “T-Model” нэртэй бөмбөгөөр тоглохыг хүссэн бол тэдний өрсөлдөгчид 12 урт зүсэм арьснаас бүрдэх “Tiento” бөмбөгийг сонгожээ.
Эцэст нь багууд зөвшилцөлд хүрч, эхний үеийг аргентинчуудын сонгосон бөмбөгөөр, харин завсарлагааны дараа Уругвайн багийн сонгосон бөмбөгөөр тоглохоор болсон байна. Эхний үе дуусахад Аргентин 2:1-ээр тэргүүлж байсан бол хоёрдугаар үед уругвайчууд илүү том, хүнд бөмбөгөөр тоглон гурван гоол оруулснаар 4:2-ын харьцаагаар хожиж, дэлхийн анхны аварга болсон байна.
1934 оны ДАШТ-ий “Federale 102” бөмбөг
Италийн засгийн газрын спортын бараа нийлүүлэх төв байгууллага болох “ECAS” (тухайн үеийн фашист байгууллагуудын нэг) компанид үйлдвэрлэсэн Federale бөмбөг нь гараар оёсон 13 хэсэг арьснаас бүрдэж байв. Үхрийн бор арьсаар хийсэн энэхүү бөмбөг нь хэлбэр дүрсээрээ регбигийн бөмбөгийг санагдуулдаг байжээ.
Энэхүү бөмбөг нь ДАШТ-ий түүхэнд хатуу ширэн үдээсийг хөвөн даавуун үдээсээр сольсон анхны бөмбөг болсноороо онцлог юм. Ингэж сольсноор бөмбөгний хэсгүүдийн барьцалдалтыг сайжруулаад зогсохгүй, хөлбөмбөгчид толгойгоороо мөргөх үед гэмтэх эрсдэлийг багасгажээ.
1934 оны ДАШТ-ий үеэр, тэр дундаа шувтаргын тоглолтод Британийн компаниудын үйлдвэрлэсэн “Globe”, “Zig-Zag” гэсэн хоёр өөр бөмбөгийг мөн ашиглаж байжээ. Тухайн үед багийн ахлагч нар аль бөмбөгөөр тоглохоо өөрсдөө шийдэх эрхтэй байв.
Шувтаргын тоглолтод 1930 оны “T-Model” загвартай ижил хийцтэй Zig-Zag бөмбөгийг сонгон тоглосон бөгөөд Италийн шигшээ баг Чехословакийн багийг нэмэлт цагт 2:1-ийн харьцаатайгаар буулган авснаар түрүүлж байсан түүхтэй.
1938 оны ДАШТ-ий “Allen” бөмбөг
1938 оны ДАШТ-ий бөмбөгийг Парис хотын “Allen” үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд өмнөх “Federale” бөмбөгтэй нэлээд төстэй байв. Энэхүү бөмбөг нь мөн адил 13 хэсэг арьснаас бүрдэж, даавуун үдээсээр үдэж, гадаргууг нь хар бор өнгийн үхрийн арьсаар хийжээ. Харин гол ялгаа нь үдээс нь цагаан өнгөтэй, арьсан хэсгүүдийн ирмэг нь илүү дугуйрсан хэлбэртэй байв.
Францын компани спортын салбарт өөрийн бүтээгдэхүүнийг брэнд болгон сурталчилсан анхны компаниудын нэг болсон юм. Тоглолтод ашиглах “Allen” бөмбөгнүүд дээр ямар нэгэн бичиг байгаагүй боловч үйлдвэрлэгчийн нэрийг олон нийтэд таниулах зорилгоор шувтаргын тоглолт эхлэхийн өмнө талбайн төв цэгт компанийн нэр бүхий бөмбөгийг байрлуулж, олны анхаарлыг татаж байжээ.
1950 оны ДАШТ-ий “ бөмбөг
Дэлхийн II дайны улмаас ДАШТ 12 жил завсарласны эцэст 1950 онд Бразилд болох үед бөмбөг үйлдвэрлэлд жинхэнэ “хувьсгал” гарсан байлаа. Түүхэнд анх удаа үдээсгүй бөмбөгийг ашиглаж эхэлсэн бөгөөд бөмбөгийг гар аргаар оёсон 12 ижил хэмжээтэй арьсан хэсгийн нэгэнд нь байрлуулсан далд хавхлагаар зүү болон насосоор хийлдэг болжээ. Энэ нь бөмбөгний гадаргууг илүү жигд, бөөрөнхий бөгөөд хий алддаггүй болгосон юм. Хийлэхэд хялбар болсны ачаар тухайн тэмцээний бүх тоглолтод зөвхөн энэ загварын бөмбөгийг ашигласан нь ДАШТ-ий түүхэнд анхны тохиолдол байв.
Энэхүү технологийг бүр 1930-аад онд Аргентины “Tossolini, Valbonesi, Polo & Cia” компани патентжуулж, бөмбөгөө “Superval Doble T” хэмээн нэрлэж байжээ. Гэвч Дэлхийн II дайны дараа үйлдвэрлэгчид Бразилд салбараа нээсэн бөгөөд уг салбар 1950 оны ДАШТ-ий албан ёсны нийлүүлэгч болсон юм. Ийм учраас уг бөмбөг “Industria Brasileira” болон “Superball Duplo T” гэсэн бичигтэй байв.