НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хоёр өдрийн айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирлээ. Ням гарагт НҮБ-ын Хүний эрхийн тэргүүн, Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг нар Монгол Улс, НҮБ-ын Хүний эрхийн газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх замын зурагт гарын үсэг зурлаа.
Чингис хааны үндэсний музейд Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулсан лекц уншиж байхдаа Турк Монгол Улсын ололт амжилтыг онцлон тэмдэглэв.
“Монгол Улс бүс нутагтаа анхны хүний эрхийг хамгаалагч хуулийг баталж, бизнес, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагааны анхны үндэсний төлөвлөгөөний нэгийг боловсруулсан” гэж Волкер Турк хэлэв.
Дээд комиссар мөн Монгол Улс олон улсын энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг тэмдэглэв.
“Монголчууд олон улсын хамтын нийгэмлэгийг “гуравдагч хөрш” гэж дуудах нь надад зүйн хэрэг мэт санагдсан. Монгол Улс дэлхийд нээлттэй. Та олон арван жилийн турш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож дайнд нэрвэгдсэн улс орнуудад тогтвортой байдлыг бий болгоход хувь нэмрээ оруулсаар ирсэн” гэж Турк онцлов.
“Цөмийн аюул өдөр бүр нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс цөмийн зэвсгээс ангид бүсийн статустай болсон нь бусад улс оронд үлгэр жишээ болж чадна” гэж тэрээр нэмж хэлэв.
Ноцтой сорилтууд
Өнөөдөр Монгол Улс хэд хэдэн ноцтой сорилттой тулгарч байна.
“Та цаг агаар, байгаль орчны хямралын тэргүүн эгнээнд явж, хурдацтай хотжилтыг туулж, олон мянган километрийн цаана өрнөж буй дайны эдийн засгийн үр дагавартай нүүр тулж байна” гэж тэр тэмдэглэв.
Турк өөрийнх нь үзэж байгаагаар хүний эрхийн зарчим, үүрэгт тулгуурлан шийдвэр гаргах ёстой гурван чиглэлийг тодорхойлсон.
Эхнийх нь тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжил: “Эдийн засгийн хөгжлийн амжилтыг мөнгөний хэмжээгээр биш, харин ард түмний амьдралыг хэр зэрэг сайжруулж буй бодлогоор хэмжих ёстой”.
Хоёр дахь нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл юм. Хэрэв одоогийн замнал энэ хэвээр үргэлжилбэл 2100 он гэхэд манай гаригийн температур цельсийн 2.3 градусаас багагүй халах бөгөөд энэ нь бүхэл бүтэн улс орон, бүс нутагт, тэр дундаа Монгол Улсад гамшгийн үр дагавар авчрах болно гэж Турк хэлэв.
Гурав дахь чиглэл бол бизнесийн хариуцлага юм. Турк “Монгол Улсын хөгжилд бизнес чухал үүрэг гүйцэтгэдэг. Корпорацын салбарыг хүний эрхийн бат бөх суурин дээр үйл ажиллагаа, түншлэлээ байгуулахыг би дэмжиж байна” гэж Турк тэмдэглэв.
Хүний эрхийн салбарын ахиц дэвшил
Дээд комиссар айлчлалынхаа хүрээнд иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, Гандантэгчэнлин хийдэд ч зочиллоо.
Даваа гарагт Улаанбаатар хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Турк айлчлалаа дүгнэж хэлэхдээ, НҮБ-ын Хүний эрхийн алба байгуулагдаад бараг 26 жил болж байхад Дээд комиссар манай улсад анх удаа айлчилж байгааг дурдаад, энэ хугацаанд улс орон төдийгүй бүс нутаг ихээхэн өөрчлөгдсөнийг онцоллоо.
Засгийн газартай байгуулсан замын зурагт НҮБ-ын Хүний эрхийн сургалт, судалгааны бүс нутгийн төвийг Улаанбаатарт байгуулахаар тусгасан гэж Турк хэлэв.
Дээд комиссар мөн ардчилсан орон зайг энгийн зүйл мэтээр авч болохгүй гэдгийг анхаарууллаа. Турк, дэд бүтэц, эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг, ялангуяа хурдацтай хөгжлийн үр дагаврыг амсах нүүдэлчин ард түмний эрхийг харгалзан үзэхийг уриалав.
Тэрээр уур амьсгалын өөрчлөлт, авлига, дижитал технологийн асуудалд онцгой анхаарал хандуулсан. Турк мөн Монголын парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэж байгааг сайшааж, тус улс “ЛГБТИК+ хүмүүсийн хувьд нээлттэй орон зай” хэвээр байгааг тэмдэглэж, энэ нийгэмлэгийн эрхийг үргэлжлүүлэн хамгаалахыг уриалав.
“Би улс орны найзын хувьд Монгол Улсыг бүс нутагтаа төдийгүй цаашлаад хүний эрхийг хамгаалах чиглэлээр чиг хандлага тогтоогч хэвээр байхыг уриалмаар байна” гэж Турк хэлэв. НҮБ-ын алба энэ замд тус улсыг дэмжихэд бэлэн байна.