Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын олон улсын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.05.04-2026.05.10)
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД БОЛГООМЖЛОЛ НЭМЭГДЭЖ, БАТЛАН ХАМГААЛАХЫН ХУВЬЦААНУУД ОГЦОМ БУУРАВ
2026 оны 5-р сарын 11-ний байдлаар Европын хөрөнгийн зах зээлүүд холимог, болгоомжлол давамгайлсан хөдөлгөөнтэй байлаа. АНУ–Ираны энхийн хэлэлцээ ахицгүй болж, геополитикийн тодорхойгүй байдал дахин нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээнд шууд нөлөөлөв.
Өнгөрсөн долоо хоногт энхийн хэлэлцээний хүлээлтээр өсөлт үзүүлж байсан Европын батлан хамгаалах компаниуд энэ удаа огцом засвар хийв.
- Rheinmetall: -3.6%
- Renk: -3.2%
- Leonardo: -4.4%
- Hensoldt: -3.4%
- Babcock International: -3.5%
Энэхүү бууралт нь зах зээл өмнөх өдрүүдэд геополитикийн эрсдэл буурна гэсэн хүлээлтээр хэт хурдан өссөнтэй холбоотой бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон нөхцөлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн мэдэгдсэний дараа хөрөнгө оруулагчид эрсдэлээ дахин үнэлж эхэлсэн байна.
Ираны талын мэдээллээр Тегеран дайныг бүх фронтоор зогсоох, хориг арга хэмжээг цуцлах шаардлага тавьсан бол Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Ирантай холбоотой дайн дуусаагүй” гэж мэдэгдсэн нь бүс нутгийн хурцадмал байдал ойрын хугацаанд бүрэн намжихгүй гэсэн дохио болов. Үүний нөлөөгөөр газрын тосны үнэ дахин өсөж, Brent тосны ханш өндөр түвшинд хадгалагдсан нь Европын инфляц болон үйлдвэрлэлийн өртөгт дарамт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Мөн хөрөнгө оруулагчдын анхаарал Дональд Трампын БНХАУ-д хийх айлчлал руу шилжиж байна. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй худалдаа, газрын ховор элемент, геополитикийн асуудлуудаар хэлэлцэхээр төлөвлөсөн нь Европын үйлдвэрлэл болон экспортын компаниудад шууд нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг болж байна. Ялангуяа Германы аж үйлдвэрийн компаниуд Хятадын эрэлт болон нийлүүлэлтийн сүлжээнээс өндөр хамааралтай хэвээр байгаа тул DAX индексийн хөдөлгөөнд энэ сэдэв мэдрэг нөлөөлж байна.
Геополитикийн тодорхойгүй байдал, эрчим хүчний үнийн эрсдэл, мөнгөний бодлогын болгоомжлол зэрэг хүчин зүйлсийн улмаас хөрөнгө оруулагчид хамгаалалтын байр суурь руу хэсэгчлэн шилжиж, зах зээлүүд илүү сонгомол, салбар хооронд ялгаатай хөдөлгөөнтэй хэвээр байна.
ОРМУЗЫН ХЯМРАЛ ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ДАРАМТАЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ЭРСДЭЛ ГҮНЗГИЙРЧ БАЙНА
АНУ, Израил болон Ираны хооронд үргэлжилж буй геополитикийн хурцадмал байдлын улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд ойролцоогоор 1 тэрбум баррель газрын тосны хомсдол үүссэн гэж Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компанийн гүйцэтгэх захирал Амин Насер мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар Ормузын хоолойн бүслэлт зогсож, нийлүүлэлт хэвийн болсон ч дэлхийн газрын тосны зах зээл богино хугацаанд тогтворжих боломж хязгаарлагдмал хэвээр байна.
Мөн газрын тосны салбарт олон жилийн турш үргэлжилсэн хөрөнгө оруулалтын дутагдал нь нийлүүлэлтийн нөөцийг сулруулж, өнөөгийн геополитикийн хямралыг улам эмзэг болгож байгааг онцолжээ. Үүнтэй холбоотойгоор “Saudi Aramco” Персийн булангаас Улаан тэнгис рүү өдөрт 7 сая баррель хүртэл нефть дамжуулах хүчин чадалтай хоолойн системээ идэвхтэй ашиглаж эхэлсэн байна.
Зах зээлд нөлөөлж буй гол хүчин зүйлс:
- Ормузын хоолойн тасалдал дэлхийн нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлэв
- Газрын тосны нөөц түүхэн хэмжээнд огцом буурч байна
- Эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтын дутагдал дарамт үүсгэсээр байна
2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн газрын тосны нөөц 200 сая баррелиар буурсан нь сүүлийн жилүүдийн хамгийн огцом бууралтын нэг болсон гэж үзэж байна.
Мөн “S&P”-ийн тооцооллоор дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 5 сая баррелиар буурсан ч нийлүүлэлт өдөрт 6.6 сая баррелиар агшсан нь зах зээлд илүү хүчтэй нийлүүлэлтийн шок үүсгэжээ.
Өнөөгийн зах зээл дээр олборлосон боловч боловсруулаагүй түүхий тосны тодорхой хэмжээний нөөц байгаа ч ихэнх нь боловсруулах үйлдвэр болон дамжуулах сүлжээний хэвийн ажиллагааг хангахад ашиглагдаж байгаа тул бодит “чөлөөт нөөц” хязгаарлагдмал хэвээр байна. Иймээс геополитикийн нөхцөл байдал хурц хэвээр үргэлжилбэл газрын тосны үнэ цаашид өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй гэж зах зээл үнэлж байна.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд геополитикийн эрсдэл болон AI-д суурилсан технологийн өсөлтийн хоорондын тэнцвэрийг шингээсэн, өндөр савлагаатай орчинд арилжаалагдлаа. АНУ-д AI болон технологийн салбар өсөлтийг үргэлжлүүлэн тэргүүлж, Европт эрчим хүч болон макро болгоомжлол давамгайлсан хэвээр байсан бол Азид технологи болон дотоод бодлогын дэмжлэгтэй сэргэлт илүү хүчтэй ажиглагдлаа. Энэ нь дэлхийн зах зээлүүд синхрон хөдөлгөөнөөс илүүтэйгээр салбарын бүтэц, геополитикийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хүлээлтээс хамаарсан тархмал, сегментчилсэн динамик руу улам бүр шилжиж байгааг харуулж байна.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
S&P 500: +2.36%
Dow Jones: +0.39%
Nasdaq: +5.42%
АНУ-ын хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй хаагдаж, ялангуяа технологийн салбар дахин зах зээлийн гол хөдөлгөгч хүч болов. Nasdaq индекс +5.42%-иар огцом өссөн нь AI, хагас дамжуулагч болон mega-cap технологийн компаниудын өсөлтөөр дэмжигдсэн бол S&P 500 +2.36%-иар өсөж, Dow Jones +0.39%-ийн илүү тогтуун өсөлт үзүүллээ. Зах зээлийн өсөлтөд AMD, Arm, Qualcomm зэрэг технологийн компаниудын хүчтэй орлогын тайлан, AI хөрөнгө оруулалтын хүлээлт голлон нөлөөлсөн байна. Долоо хоногийн эхэнд Ормузын хоолойн хурцадмал байдал, газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан зах зээл савласан ч долоо хоногийн дунд үеэс АНУ–Ираны хэлэлцээ урагшилж магадгүй гэх мэдээлэл гарснаар газрын тосны үнэ огцом буурч, эрсдэлийн дуршил сэргэв. Гэсэн хэдий ч өсөлт өргөн хүрээнд бус, голчлон технологийн цөөн компаниудад төвлөрсөн хэвээр байгааг шинжээчид онцолж байна.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
FTSE 100: -1.28%
STOXX Europe 600: +0.04%
DAX 40 (Герман): +0.26%
CAC 40 (Франц): -0.12%
Европын зах зээлүүдэд хөдөлгөөн харьцангуй хязгаарлагдмал, жигд бус байлаа. STOXX Europe 600 индекс бараг өөрчлөлтгүй (+0.04%) хаагдсан бол DAX 40 +0.26%-иар өссөн, харин FTSE 100 -1.28%, CAC 40 -0.12%-иар тус тус буурлаа. Европын зах зээлүүдэд газрын тосны үнийн өндөр хэлбэлзэл, эрчим хүчний өртгийн дарамт, мөн Ойрхи Дорнодын геополитикийн тодорхойгүй байдал хүчтэй нөлөөлөв. Ялангуяа Их Британид газрын тосны үнийн өсөлт инфляцын дарамтыг дахин нэмэгдүүлж, бондын өгөөж өссөнөөр FTSE 100-д дарамт болов. Мөн Европын батлан хамгаалах салбарын хувьцаанууд өмнөх долоо хоногийн хүчтэй өсөлтийн дараа ашиг авалтын нөлөөгөөр буурсан нь зах зээлийн momentum-ийг саарууллаа. Германы DAX индекс харьцангуй тогтвортой байсан нь аж үйлдвэрийн болон экспортын компаниудын гүйцэтгэлтэй холбоотой байсан ч нийтдээ Европын хөрөнгө оруулагчид илүү хамгаалалтын байр суурь баримталсан хэвээр байв.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Nikkei 225: +1.36%
KOSPI: +10.54%
CSI 300: +0.29%
SSEC: +1.08%
Азийн зах зээлүүд нийтдээ эерэг гүйцэтгэлтэй байж, ялангуяа Солонгосын KOSPI +10.54%-иар огцом өссөн нь бүс нутгийн хамгийн хүчтэй rally боллоо. Энэхүү өсөлтөд технологи, AI болон экспортын салбарын хувьцаанууд голлон нөлөөлсөн бөгөөд гадаад хөрөнгө оруулалтын урсгал эрчимжсэн нь зах зээлийг дэмжив. Хятадын SSEC (+1.08%) болон CSI 300 (+0.29%) индексүүд мөн өссөн нь үйлдвэрлэлийн үзүүлэлт болон экспортын мэдээлэл харьцангуй эерэг гарсантай холбоотой байв. Харин Японы Nikkei 225 +1.36%-иар өссөн ч долоо хоногийн турш иений ханшийн хэлбэлзэл, Токиогийн валютын интервенцтэй холбоотой тодорхойгүй байдал зах зээлийн савлагааг нэмэгдүүлэв. Япон болон Хятадын хувьд АНУ–Хятадын дээд түвшний уулзалтын хүлээлт, нийлүүлэлтийн сүлжээ болон газрын ховор элементийн асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа.
