ШИНЭ ДЕЛИ, 2026 оны тавдугаар сарын 11 /ТАСС/. Ойрх Дорнодын хямралын хор уршиг нэмэгдсээр буй энэ үед коронавирусний цар тахлын үеийн хязгаарлалтад эргэн орох нь зүйтэй гэж үзэж байгаагаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди илэрхийлжээ.
Тэрбээр Хайдарабад хотод үг хэлэхдээ “цар тахлын үеэр бид гэрээсээ ажиллаж, цахим уулзалт, бага хурлуудыг хийж байсан. Энэ бүхэнд бид дасан зохицсон. Энэ арга хэлбэртээ буцаж орохыг өнөөгийн цаг үе биднээс шаардаж байна” гэв.
Үүний сацуу гадаад валютаа хэмнэж, эрчим хүчний импортоос хамааралт байдлыг багасгах нь чухал болохыг онцлон дурдаад хэрэглээний дадал зуршлаа эргэн харахыг иргэдэд уриалжээ. “Дундаж давхаргынхан хуримаа гадаадад хийх, гадаадад аялж амрах нь түгээмэл болжээ. Гэхдээ энэхүү хямралт нөхцөл байдлын үед гадаадад аялахаа дор хаяж нэг жилийн хугацаанд хойшлуулах шийдвэр гаргах хэрэгтэй” гэж Моди хэллээ. Мөн нэг жилийн хугацаанд баяр ёслолын үеэр алт худалдан авахаас түдгэлзэхийг уриалжээ.
Түүнчлэн түлш шатахууныг хэмнэлттэй зарцуулах нь чухал болохыг Ерөнхий сайд сануулан дурдаад “эрчим хүчний эх үүсвэрүүдийг бид гадаадаас худалдадн авдаг учир зөвхөн өөрт хэрэгтэй хэмжээгээр хэрэглэхийг хичээх нь зүйтэй” гэж мэдэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор нийтийн тээвэр, төмөр замаар өргөнөөр үйлчлүүлэхийг Ерөнхий сайд уриалаад, метрогоор зорчиж, нэг чиглэлд явдаг хүмүүс автомашинаа дундаа хэрэглэх, ачааг төмөр замаар тээвэрлэх нь хэмнэлттэй болохыг санууллаа. Энэ бүхэн нь түлш шатахуунаас хамааралт байдал, өөрөөр хэлбэл гадаад валютаас хамааралт байдлыг бууруулна гэдгийг тэрбээр онцолсон байна.
“Дэлхийн дахиныг хамарсан хямрал, ялангуяа Баруун Азид дэгдсэн хямралын үед бид улс орныхоо эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж шийдвэрээ гаргаж байх ёстой” гэж Н.Моди хэлэв.