“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мод тарих, арчлан ургуулах ажлыг энэ сарыг дуустал улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны албан хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрладаг Түргэний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд оролцлоо.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Тавдугаар сар бол манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, эх дэлхийгээ ногооруулах чухал сар. Энэ өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нийслэлийн эргэн тойронд 10 гаруй байршилд мод тарих ажлыг өрнүүлж байна. Мод тарих хөдөлгөөн зөвхөн нийслэл төдийгүй Монгол Улсын бүх аймаг, суманд өргөжин тэлж байна” хэмээн онцоллоо.
Тэрбээр мөн мод тарих нь зөвхөн нэг өдрийн ажил биш бөгөөд тарьсан модоо арчилж, ургуулах, хамгаалах нь хамгийн чухал болохыг тэмдэглэж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг идэвхтэй оролцохыг уриалав.
Түргэний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 400 мянган модны тарьц, суулгац ургуулсан бөгөөд цаашид хоёр сая модны суулгац бойжуулах хүчин чадалтай болоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үндэсний хэмжээний зорилтыг хэрэгжүүлж байна.

