МУСГЗ Б.Элбэгзаяагийн 10 дахь ном буюу “Мөр үзэж болдоггүй газар”

“Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, МУСГЗ Б.Элбэгзаяа “Мөр үзэж болдоггүй газар” уран бүтээлийн шинэ номоо үндэсний мэдээллийн агентлагийн Хүндэтгэлийн танхимд өнөөдөр нээлээ. Энэ нь зохиогчийн хос бичгээр гаргаж буй 10 дахь ном юм. 

МУСГЗ Б.Элбэгзаяагийн 10 дахь ном буюу “Мөр үзэж болдоггүй газар” агентлагийн дарга Х.Энх-Орших энэ үеэр хэлэхдээ, “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид, бичгийн мэргэд ажиллаж байсан, Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллагуудын нэг агентлаг 105 жилийнхээ түүхэнд олон сайхан номыг нээж байсан уламжлалтай. Түүний үргэлжлэл болж эх орныхоо дотоодод болон хилийн чанадад аялсан тэмдэглэлийн нэгэн сайхан номыг өнөөдөр нээж байгаадаа бид баяртай байна. Зохиогчийн 10 дахь энэ бүтээл агентлагийн 105 жилийн ой, номын зохиогч Б.Элбэгзаяагийн төрсөн нутгийнх нь 70 жилийн ойг угтан, хос бичгээр гарч буйгаараа нэн онцлог юм” хэмээн тэмдэглээд, эл номоо зохиогч зөвхөн өөрийн авсан гэрэл зургуудаар баяжуулсныг тодотгож байлаа.

Сэтгүүлч Б.Элбэгзаяагийн “Мөр үзэж болдоггүй газар” номд эх орноороо болон Узбекистан, Вьетнам улсад зорчсон аян замын тэмдэглэлүүдээс гадна хэл найруулгын чадал чансаатай, сонирхолтой сайхан нийтлэлүүд ч багтжээ. 

Уран бүтээлээрээ дамжуулан үндэсний монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, олон түмнийг уншиж сургах, хэрэглээний бодит орчин бүрдүүлэх зорилгыг эрхэм болгож хос бичгээр болон дан монгол бичгээр номоо гаргадаг нь сэтгүүлч Б.Элбэгзаяагийн бүтээлийн мөн л бусдаас ондоошуулдаг онцлогтой. 

Түүнчлэн Говийн Их дархан цаазат газрын харьяа баян бүрдүүд, баруун Алтайн цаст уулсаар явсан тэмдэглэл болон Эрээн нуур орчмын байгаль, монголын хамгийн залуу Гэгээн нуур, түүнчлэн төрсөн нутаг Сэгс цагаан богд, Залаажинст хайрхан, төрийн тахилгат Их Богд уулан дахь Оюу, Номин нуураар аялах үедээ буулгасан гэрэл зургууд нь номын дотоод агуулга төдийгүй гадаад өнгө үзэмжийг баяжуулжээ.

МУСГЗ Б.Элбэгзаяагийн 10 дахь ном буюу “Мөр үзэж болдоггүй газар”МУСГЗ Б.Элбэгзаяа гал морин жилийн хаврын сүүл сарын морь өдөр 10 дахь номоо нээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Бидний хувьд энэ онд түүхэн, дурсгалт ойнууд тохиосон онцгой жил болж байгаа. Эдгээр ойд зориулан сэтгүүлчийн хувьд уран бүтээлийнхээ шинэ номоор бэлэг барихаар чармайн, “Мөр үзэж болдоггүй газар” шинэ номоо хэвлүүлэн уншигчдадаа хүргэж байгаа”-гаа хэлсэн юм. 

Номынхоо нэрийн тухайд тэрбээр, “Арвин баялаг үгийн сантай, тансаг эх хэлээ хэр сайн мэддэг эсэхийг хэлц үг хэрхэн хэрэглэж байгаагаар нь шалгаж болдог. Номын маань нэрэнд буй “мөр үзэх” гэдэг нь уламжлалт бичгийн хэлээр “бие засах” гэсэн хэлц үг. Судрын хэлэнд “шингэн мөр үзэх”, “өтгөн мөр үзэх” хэмээсэн байдаг.  Иймд “Мөр үзэж болдоггүй газар” гэдэг нь бие засаж үл болох ариун, дагшин газрыг бэлгэдсэн утгатай. Үүн лүгээ адил судрын сайхан үгээс нэгийг ч болов залууст таниулахыг хүссэн” хэмээн тайлбарлаж байв.

МУСГЗ Б.Элбэгзаяагийн 10 дахь ном буюу “Мөр үзэж болдоггүй газар”

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав энэ үеэр хэлсэн үгэндээ, “Монголын түүх, соёл хэдэн мянган жилийн түүхтэй. Монгол түмний 1940 оноос өмнөх түүхийн бичиг баримт, дурсгал бүгд монгол бичгээр байдаг. Харин энэ цаг үед монгол, кирилл бичгийг хослуулан нийтлэл, аян замын тэмдэглэлээр ном гаргаж байгаа нь бахархууштай юм. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ёлын амыг зураачдын зурсан, найрагчдын шүлэглэдгээс ондоогоор уул ус, ургамал цэцэгсийг нь үгийн урнаар аян замын тэмдэглэл болгон гэгээн сайхнаар дүрслэн бичсэн нь ховор юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

“Ном шиг ном, номын дайтай ном бүтээх бол үнэхээр бүх талаар амаргүй үйлс” гэж “Мөр үзэж болдоггүй газар” шинэхэн номынхоо өмнөтгөлд зохиолч дурджээ. Аян замын тэмдэглэл хэлний хувьд сайн найруулгатай, сонирхолтой бичвэртэй байхаас гадна дагалдах гэрэл зураг нь мэдрэмжтэй, ур чадвартай бол уншигч олон улам татагдаж, номын үнэ цэнийг ч өргөж өгөх нь лавтай билээ. 

МУСГЗ Б.Элбэгзаяагийн 10 дахь ном буюу “Мөр үзэж болдоггүй газар”

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн