Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.
Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-1950
Дэлхийн II дайны улмаас 1942, 1946 оны хөл бөмбөгийн ДАШТ-үүд цуцлагдаж, 1950 оныг хүртэл завсарласав. Дөрөв дэх удаагийн ДАШТ-ийг 1950 оны зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 16-ны хооронд Бразил улсад зохион байгуулахаар ФИФА шийдвэрлэжээ.
Энэ удаагийн тэмцээнд оролцох улсуудыг сонгон шалгаруулах үйл явц будлиантай гэхээсээ илүү нэлээд ээдрээтэй, хүндрэлтэй байв. Герман, Япон улсуудыг хүн төрөлхтний эсрэг дайн дэгдээсэн шалтгаанаар тэмцээнээс хассан. ЗХУ болон Зүүн Европын орнууд (Болгар, Унгар, Чехсловак, Польш, Румын, Албани) дайнд сүйдсэн эдийн засгаа сэргээх шаардлагатай гэсэн шалтгаанаар оролцохоос татгалзжээ. Өмнөд Америк тивийн Аргентин, Эквадор, Перу улсууд ДАШТ-ийг өнжсөн бол Ази тивээс Филиппин, Индонез, Бирмийн багууд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Ингээд Бразил, Мексик, Швейцар, Югослав, Англи, Чили, Испани, АНУ, Итали, Энэтхэг, Парагвай, Швед, Уругвай, Боливи, Турк, Шотланд гэсэн 16 улс оролцохоор болоод байсан боловч эдийн засгийн болон бусад шалтгаанаар Турк, Шотландын багууд татгалзсан байдаг. ФИФА-гаас Португал, Франц улсуудад урилга илгээснээс Франц урилгыг хүлээн авчээ.
1950 оны тавдугаар сарын 22-ны өдөр Рио-де-Жанейро хотноо сугалаа явуулж, багуудыг дараах байдлаар хуваарилав.
- 1-р хэсэг: Бразил, Мексик, Швейцар, Югослав
- 2-р хэсэг: Англи, Чили, Испани, АНУ
- 3-р хэсэг: Итали, Энэтхэг, Парагвай, Швед
- 4-р хэсэг: Уругвай, Боливи, Франц
Гэвч сугалааны дараа Энэтхэг, Францын багууд эцсийн мөчид шийдвэрээсээ буцсанаар энэ удаагийн ДАШТ-д 1930 оны анхны тэмцээний адил хамгийн цөөн буюу 13 улс оролцжээ.
“Бразил 1950” бол шигшээ тоглолт болоогүй цорын ганц ДАШТ юм. Учир нь эхний шатнаас шалгарсан 4 багийг тойргоор тоглуулж хамгийн олон оноо авсан багийг аваргаар тодруулсан юм.
ДАШТ-1950-ийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
- Бразилын баг тоглолт бүрдээ илүүрхэж байсан тул тэд түрүүлнэ гэдэгтээ эргэлзэхгүй байв. Бразилын хөл бөмбөгийн холбоо багийнхаа бүх гишүүндээ зориулж “Алтан медаль” (тэр үед түрүүлсэн багт зөвхөн цом өгдөг байсан) захиалан хийлгэж, “Бразилчууд-Ялагчид” хэмээх дуу хүртэл зохиосон ч олны хүртээл болоогүй юм.
- Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон үзэгч буюу 200 000 шахам хүн Маракана цэнгэлдэх хүрээлэнд цугласан гэдэг баримт байдаг.
- “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болсон шийдвэрлэх тоглолтыг 200 000 шахам хүн үзсэн нь FIFA World Cup-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тоглолт болсон юм.
- Бразилчууд Уругвайн багт хожигдсон тоглолтод хаалгач Барбозаг буруутган амьдралынх нь туршид гадуурхсан байдаг. Тэр ч байтугай 1993 онд Бразилын Хөл бөмбөгийн холбоо түүнийг олон улсын тэмцээнийг тайлбарлах эрхийг нь хасаж байв.
- Уругвай улсын хөл бөмбөгчин Гижа: Маракана цэнгэлдэх хүрээлэнд цугласан 200 000 шахам хүнийг ганцхан хоромд дуугүй болгож чадсан гуравхан хүн байдаг нь Фрэнк Синатра, Ромын Пап, тэгээд би” хэмээн дурссан байдаг.
Тус ДАШТ-ий шилдэг довтлогчоор Бразилын хөлбөмбөгчин Адемир Маркес де Менезис 7 гоол оруулсан амжилтаар шалгарч байжээ.
