Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 7 //. Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоп Камптай уулзаж, үндэстний цөөнхийн боловсролын чанар, хос хэлний хөтөлбөр, сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Боловсролын багц хуулийн шинэчлэлээр Монгол Улс тэгш хамран сургах боловсролыг анх удаа хуульчилж, тэр дундаа үндэсний цөөнх иргэдийн эх хэл, хос хэлээр боловсрол эзэмших талаар тусгайлан тусгасан.

Хос хэлний хөтөлбөр, сургалтын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, үүнтэй холбоотой багшлах хүний нөөцийг чадавхжуулах, хос хэл дээрх сурах бичиг, сургалтын материалын хүртээмжийг нэмэгдүүлэх, хос хэлний цахим боловсрол, сургалтыг дэмжих чиглэлд талууд хамтран ажиллана.

Тухайлбал, цахим контентуудыг үндэстний цөөнх иргэдэд хүртээмжтэй болгох, хос хэлний сургалт зохион байгуулах багш нарыг агуулга, арга зүйн сургалтад хамруулах, туршлага солилцох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар Боловсролын яамнаас мэдээлэв. 

Дээд комиссар Кристоп Камп Монгол Улсад ажиллах хүрээндээ Ховд, Баян-Өлгий аймаг дахь үндэстний цөөнхийн боловсрол, сургалтын нөхцөл байдалтай танилцаж, хос хэлний сургалтыг дэмжих, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн