Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.
Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-1938
ФИФА хөл бөмбөгийн ДАШТ-ийг Европ болон Өмнөд Америк тивд ээлжлэн зохион байгуулах зарчим баримталж байсан ч 1936 онд Берлинд болсон Конгрессоор 1938 оны тэмцээнийг Аргентины оронд Францад явуулахаар шийдвэрлэжээ. Үүнийг эсэргүүцсэн Өмнөд Америкийн орнууд баг тамирчдаа Европ руу илгээхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд энэхүү бойкот 20 шахам жил үргэлжилсэн юм.
1938 оны хөл бөмбөгийн ДАШТ 1938 оны зургаадугаар сарын 4-19-ний хооронд Францын 10 хотын 11 цэнгэлдэх хүрээлэнд явагдаж Италийн баг хоёр дахь удаагаа түрүүлжээ.
1938 онд Дэлхийн II дайны өмнөх түгшүүртэй, тогтворгүй байдал Европ тивийг нөмрөөд байлаа. Испани улс иргэний дайны хөлд нэрвэгдэж, Австри улс Германд эзлэгдэн шилдэг хөл бөмбөгчид нь Германы нэрийн өмнөөс тоглох болсон тул Австрийн шигшээ баг ДАШТ-д оролцохоос татгалзсанаар австричуудтай эхний шатанд учраа таараад байсан Шведийн баг шөвгийн наймд шууд шалгарчээ.
“ДАШТ-1938”-ийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
- Энэ ДАШТ-ээс эхлэн үдээсгүй бөмбөгөөр тоглож эхэлжээ.
- Түүхэнд анх удаа бүх тоглолтын тайлбарыг Бразил даяар радиогоор шууд дамжуулжээ.
- Хөл бөмбөгийн түүхэнд ховор тохиолдох тоглолт Бразил, Польшийн шигшээ багуудын хоооронд өрнөжээ. Уг тоглолт 6:5-ын харьцаагаар өндөрлөж, хамгийн олон гоолтой, гал гарсан тоглолтуудын нэгээр тэмдэглэгдэн үлдсэн байна. Мөн бороо орж пүүзнүүд нь норсны улмаас тоглолтын төгсгөлд бразилчууд хөл нүцгэн тоглосон гэдэг яриа бий.
- Бас нэг “хөгтэй” түүх бол Польшийн хаалгачийн хаасан бөмбөг талбай дээр үдээсээ үдээд сууж байсан Бразилын довтлогч Лионидасыг ирж оноход мань хүн юу ч болоогүй юм шиг босоод бөмбөгийг хаалганд цохиж оруулчихаад буцаж суугаад гутлаа үргэлжлүүлэн үдсэн гэдэг.
- Мөн хагас шигшээд Бразил-Италийн багууд шалгаран үлдэхэд бразилчууд өөрсдийгөө хожино гэдэгтээ хэт итгэлтэй байжээ. Тэд тоглолт болохоос өмнө Марселиас шигшээ тоглолт болох Парис руу нисэх онгоцны бүх тийзийг захиалсан байна. Италийн дасгалжуулагч Витторио Поццо үүнд эгдүүцэж хэн хожсон нь л Парис нисэх ёстой гэсэнд бразилчууд “Бид хожих нь ойлгомжтой, харин чамд Парист очиж шигшээ тоглолтыг үзэх нэг тийз өгөмз.. ” хэмээжээ. Харин хагас шигшээд бразилчууд хожигдсон хэдий ч захиалсан тийзнүүдээ италичуудад зараагүй тул Италийн баг Парис руу галт тэргээр очиж байсан түүхтэй.
Тус ДАШТ-ий шилдэг довтлогчоор 7 гоол хийсэн Бразилын хөлбөмбөгчин Лионидас тодорчээ.