Мбаппег “Реал”-аас явуулахыг шаарджээ

МАДРИД, 2026 оны тавдугаар сарын 6. /ТАСС/. Францын шигшээгийн довтлогч Килиан Мбаппег “Реал Мадрид” багаас явуулахыг шаардсан өргөх бичгийг тус багийн хөгжөөн дэмжигчид клубийн удирдлагад өргөн барьжээ.

Actu Foot цахим хуудсанд бичсэнээр, ганцхан цагийн дотор өргөх бичигт 70 мянга гаруй хүн гарын үсгээ зурсан бөгөөд одоогийн байдлаар гарын үсгийн тоо 142 мянгаас даваад байна.

Саяхан L’Equipe сонинд мэдээлснээр, Мбаппе болон багийн бусад хөлбөмбөгчдийн хоорондын харилцаа муудсан гэнэ. “Реал”-ын хөлбөмбөгчдийн үзэж байгаагаар, Мбаппе бусдаас илүү давуу эрхүүдийг эдэлж байгаа ажээ. Ялангуяа түүний “хэт хувиа хичээсэн байдал” нь хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Учир нь, дөрөвдүгээр сарын 24-нд өвдөгний шөрмөсний гэмтэл авсан тэрбээр гэмтлээ эдгээж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхийн оронд Испанийн жүжигчин Эстер Экспозито-той Италийн Кальяри хотод цагийг өнгөрүүлж байгаа ажээ.

Өдгөө 27 настай Мбаппе 2024 оноос хойш “Реал”-д тоглож байгаа юм. Энэ улиралд тэрбээр 41 тоглолтод оролцохдоо 41 гоол оруулж, 6 оновчтой дамжуулалт өгөөд байна. Өнгөрсөн хугацаанд Испанийн супер цом, Тив хоорондын цомын тэмцээнүүдэд түрүүлжээ.

Мөн Францын шигшээгийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга болж, Үндэстнүүдийн лигийн тэмцээнд түрүүлсэн юм.

Одоогийн байдлаар, “Реал” баг Испанийн АШТ-ий хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байна. Тэмцээн дуусахад дөрвөн тоглолт үлдээд буй энэ үед мадридчууд хүснэгтийг тэргүүлж буй “Барселона”-гаас 11 оноогоор хоцорч байгаа юм.

Хоёр баг ирэх ням гарагт хоорондоо тоглоно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн