ТОКИО, 2026 оны тавдугаар сарын 3 /Kyodo/. Японы боксчин Наоя Иноүэ 55.22 хүртэлх кг жингийн дэлхийн боксын үнэмлэхүй аваргын цолоо хамгааллаа. Токио хотноо болсон 12 үетэй тулаанд тэрбээр нутаг нэгт Жюнто Накатаниг шүүгчдийн саналаар ялжээ.
“Мангас” хочит Иноүэ “Tokyo Dome” цэнгэлдэх хүрээлэнд цугласан 55 000 орчим үзэгчийн өмнө өрсөлдөгчөө шүүгчдийн саналаар (116-112, 115-113, 116-112) ялснаар, дэлхийн аваргын цол хамгаалах тулаануудад дараалан ялсан рекордоо 28 болгон ахиуллаа.
Иноүэ Дэлхийн боксын зөвлөл (WBC), Дэлхийн боксын байгууллагын (WBО) дэлхийн аварга цолыг найм дахь удаагаа, Олон улсын боксын холбоо (IBF), Дэлхийн боксын холбооны (WBA) аваргын бүсийг долоо дахь удаагаа хамгааллаа. Тэрбээр 55.22 кг-ын жинд дэлхийн үнэмлэхүй аварга цолоо долоо дахь удаагаа хамгаалжээ. Өдгөө 33 настай Японы боксчин мэргэжлийн боксын рингэнд 33 удаа ялж (27 нь хүнд цохилтоор), нэг ч ялагдал хүлээгээгүй байна.
2023 онд Японы боксчин “super-bantamweight” жингийн ангилалд дэлхийн үнэмлэхүй аварга болжээ. Үүнээс өмнө тэрбээр 53.52 хүртэлх кг-ын жинд нэр хүндтэй дөрвөн холбооны бүх бүсийг хүртэж байв. Иноүэ мэргэжлийн холбоод дөрөв болсны дараа хоёр жингийн ангилалд дэлхийн үнэмлэхүй аваргын цол хүртсэн хоёр дахь боксчин болжээ. Энэ амжилтыг хамгийн анх АНУ-ын боксчин Теренс Кроуфорд 63.5 кг ба 66.68 хүртэлх кг-ын жинд тогтоож байсан юм.
Иноүэ 48.99 кг, 52.16 кг, 53.52 кг, 55.22 кг гэсэн дөрвөн жингийн ангилалд дэлхийн аварга болжээ. 2019 онд Филиппиний боксчин Нонито Донэйрийг ялж, Дэлхийн боксын супер цувралын ялагч болсон байна.
Өдгөө 28 настай Жюнто Накатани анхны ялагдлаа хүлээлээ. Гурван жинд (50.8 кг – WBO, 52.2 кг – WBO, 53.5 кг – WBC, IBF) дэлхийн аварга болж байсан тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 32 удаа ялж (24 нь хүнд цохилтоор) байжээ.