Авторитар дарамт дор хэвлэлийн эрх чөлөө!

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблей ЮНЕСКО-ийн зөвлөмжийн дагуу 1993 онд албан ёсоор тунхагласан байдаг. Энэ өдрийг онцлон тэмдэглэх учир нь чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн ач холбогдлыг нийтэд таниулах зорилготой.

Гэвч дэлхийн хэвлэлийн эрх чөлөө сүүлийн 25 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч ухарсныг Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг хамгийн сүүлийн тайланд онцолсон. Тэр дундаа үүний цаад шалтгаанаар хэвлэл мэдээлэлд чиглэсэн авторитар дарамтыг нэрлэж байна.

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын тайланд дэлхийн 180 орны хэвлэлийн эрх чөлөөний индексийг үнэлж, дундажлан гаргадаг. Анх удаа нийт улс орнуудын талаас илүү хувь нь хэвлэлийн эрх чөлөөний хувьд “хүнд” эсвэл “маш ноцтой” ангилалд багтсаныг сүүлийн тайланд дурджээ. 2002 онд дэлхийн хүн амын тавны нэг нь хэвлэлийн эрх чөлөөгөөр “сайн” ангилалд багтдаг улс оронд амьдарч байсан бол энэ үзүүлэлт өнөөдөр дэлхийн хүн амын нэг хувьд ч хүрэхгүй болж буурчээ.

Дэлхий даяар засгийн газрууд эрх зүйн хязгаарлалтаар зэвсэглэх нь эрс ихэссэн. Ялангуяа үндэсний аюулгүй байдлын хуулиудаа ашиглан чөлөөт хэвлэлийн эрхэд халдах болжээ.

Сэтгүүл зүйг алдаатай үйлдэл мэтээр гэмт хэрэгжүүлэх болон улс төрийн дайсагнал, хэвлэл мэдээллийн байгууллагуудын бизнесийн загварын доройтол хавсарснаар энэ салбарын амьсгал боомилогдож буйг Хил хязгааргүй сэтгүүлчдийн тайланд дурджээ.

Тайланд дурдсан зарим улс орны жишээг энд танилцуулъя. 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд удаа дараа халдсан нь тус улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийг 64 дүгээр байр хүртэл ухрааж, Америк тивийн хэмжээнд үзүүлэлтийг бууруулжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг терроризм, салан тусгаарлалт, хэт даврагч үзэлтэй тэмцэх хуулийг ашиглан хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахдаа мэргэшсэн гэж тайланд тодорхойлсон байна. Одоогийн байдлаар тус улсад 48 сэтгүүлч торны цаана хоригдож байна.

Энэ талаар Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын редакцийн захирал Анне Боканде хэлэхдээ “Авторитар улс орнууд, хариуцлагагүй эсвэл чадамжгүй улс төрийн хүчнүүд, ашиг сонирхолд хөтлөгдсөн эдийн засгийн тоглогчид, зохицуулалт сул цахим платформууд нь хэвлэлийн эрх чөлөө дэлхий даяар доройтох гол шалтгаан болж байна. Ийм нөхцөлд юу ч хийхгүй байх нь үүнийг дэмжсэнтэй адил. Зөвхөн зарчим яриад суудаг цаг өнгөрсөн. Сэтгүүлчдийг хамгаалах бодит арга хэмжээ зайлшгүй шаардлагатай байна. Энэ нь өөрчлөлтийн эхлэл болох учиртай юм. Үүний тулд сэтгүүл зүйг гэмт хэрэг мэт үзэх явдлыг зогсоох хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын хуулийг буруугаар ашиглахыг хориглож, аливаа хэргийг илрүүлж, илчилж буй сэтгүүлчдэд саад учруулдаг системийг таслан зогсоох хэрэгтэй” гэжээ.

Хэвлэл мэдээлэлд үйлчлэх хууль, эрх зүйн орчин хамгийн их доройтсоныг тус тайлангаас харж болно.

Засгийн газрууд хэвлэлийн тухай хуулийг шууд зөрчилгүйгээр онц байдал, үндэсний аюулгүй байдлын хуулийг ашиглан хэвлэлд дарамт үзүүлж байгаа нь Египет, Гүрж, Энэтхэг, Израиль зэрэг 60 гаруй орны хэвлэлийн эрх чөлөөний индекс буурах шалтгаан болжээ.

Мөн дайн мөргөлдөөний нөлөөг онцолж байна. 2023 оны аравдугаар сараас хойш Газад 220 сэтгүүлч амь үрэгдсэн бөгөөд тэдний 70 орчим нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан байна. Үүнтэй төстэй нөхцөл Судан, Өмнөд Суданд ч ажиглагджээ.

АНУ-ын олон улсын мэдээллийн агентлагийн санхүүжилтийг зогсоох тухай шийдвэр мөн л дэлхий даяар үр дагавартай байсныг онцолж байна. Үүний улмаас “Voice of America”, “Radio Free Europe”, “Radio Free Asia” зэрэг байгууллага мэдээлэл авах боломж хязгаарлагдмал орнуудад үйл ажиллагаагаа зогсоох, танах, эсвэл багасгахад хүрсэн.

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей, Эль-Сальвадорын ерөнхийлөгч Наиба Букеле нар АНУ-ын жишгээр хэвлэл мэдээлэлд хандах болсон нь хэвлэлийн эрх чөлөөний индексээр доогуур байр эзлэхэд нь нөлөөлжээ.

Түүнчлэн Эквадор, Перу зэрэг оронд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд сэтгүүлчдийг хөнөөсөн тохиолдлууд гарсныг тайланд дурдсан байна.

Их Британи энэ жил 18 дугаар байрт орж, өнгөрсөн оноос хоёр байраар ахисан ч Лондонд “Iran International”-ийн сэтгүүлч хутгалуулсан хэрэгтэй холбоотойгоор аюулгүй байдлын талаарх санаа зовнил нэмэгдсэн байна. Тус улсад цахим дарамт нэмэгдэж, нийтийн эмх замбараагүй байдлыг сурвалжилж буй сэтгүүлчдийн аюулгүй байдалд эрсдэл үүсэх болжээ.

Норвеги улс 10 дахь жилдээ дараалан жагсаалтыг тэргүүлсэн бол Эритрей гурав дахь жилдээ хамгийн сүүлд бичигджээ.

Тэгвэл хамгийн их ахиц гаргасан улсаар Ассадын дараах Сири тодорсон байна. Тодруулбал, Ахмед аль-Шараагийн удирдлага дор тус улс 36 байраар урагшилжээ.

Нэмж дурдахад, 2025 онд дэлхий даяар дор хаяж 330 сэтгүүлч шоронд хоригдсон хэвээр байсныг Сэтгүүлчдийг хамгаалах хороо энэ оны эхээр тайлагнасан байдаг. Үүний цаад шалтгаанаар зэвсэгт мөргөлдөөнүүд болон өсөн нэмэгдэж буй авторитар дэглэмийг нэрлэсэн нь Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын дүгнэлттэй яв цав нийцэж буй юм.

2025 онд сэтгүүлчдийг хорих гол шалтгаан нь улс төр байжээ. Түүнчлэн өнгөрсөн жил 1992 оноос хойш хамгийн олон сэтгүүлч шоронд зодуулсан, тамлагдсан тухай гомдол бүртгэгдсэн байна.

Дээр дурдсан 330 нь 2024 оны 385 гэсэн дээд үзүүлэлтээс буурсан тоо боловч бодит дарамт, хүчирхийллийн хэмжээ үүнээс ч илүү өндөр байх магадлалтайг анхааруулжээ.

Баримтжуулаагүй тохиолдол хэдэн зуу байх магадлалтай. Яагаад гэвэл баривчлагчид мэдээллийг нууцалдагаас гадна сэтгүүлчид өөрсдөө, эсвэл тэдний ар гэр нь өшөө авалтаас айж амаа хамхих нь элбэг. Сэтгүүлчдийг хавчих нь тэднийг дуугүй болгох арга. Энэ хувь хүн болон нийгэмд гүн гүнзгий нөлөөлдөг. Сэтгүүлчид хийсэн ажлынхаа төлөө гэмтэн болж, шийтгэгдэж байгаа нөхцөлд авлига хяналтгүй үлдэж, эрх мэдлийн зүй бус ашиглалт цэцэглэн хөгжих нь гайхмаар зүйл биш гэдгийг тус байгууллага мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN, OCCRP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн