Канад улс Лхагва гаригаас (2026.02.04) эхлэн ОХУ-аас виз мэдүүлэг хүлээн авахаа зогсоох болжээ. Энэ шийдвэрийг яагаад гаргасан болон хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Канадын виз мэдүүлэхийг хүссэн Оросын иргэд одоо паспортоо болон бусад баримт бичгээ Армени, Гүрж, Казахстан зэрэг ойролцоох бусад орон дахь визийн төвүүдэд өгөх шаардлагатай болжээ. Беларусь улсад Канадын визийн төв одоогийн байдлаар байдаггүй.
Өмнө нь Оросын иргэд Москва, Санкт-Петербург, Владивосток, Екатеринбург, Новосибирск, Ростов-на-Дону хотуудад Канадын виз мэдүүлэх боломжтой байсан юм.
Канадын засгийн газар ОХУ-д визийн үйлчилгээгээ зогсоосон шалтгааныг тайлбарлаагүй байна. “The Moscow Times” сонин Канадын цагаачлалын албанаас тайлбар авахаар холбогдсон ч хариу хараахан ирээгүй байна. Энэ долоо хоногийн эхээр Канадын Цагаачлалын яам 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр орогнол хүсэх зорилготой гэж сэжиглэгдсэн гадаадын иргэдэд виз олгохоос татгалзах, эсвэл хил дээр нэвтрүүлэхгүй байж болзошгүйг анхааруулсан юм. Канад уг тэмцээнийг АНУ, Мексик улстай хамтран зохион байгуулна.
Канадын албаныхан спортын томоохон арга хэмжээ нь орогнол хүсэх зам биш гэдгийг онцолсон байна.
Канад улс 2022 онд ОХУ Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд нэгдсэн юм.