АНУ-ын Цагаачлал, гаалийн алба таван настай хүүг аавынх нь хамтаар баривчилсан байсныг суллах шийдвэрийг шүүх байгууллага гаргалаа. Аав, хүү хоёрыг Техас дахь цагаачдын баривчилгааны төвд байлгаж байжээ. Тэднийг баривчилж, цагдан хорьсон нь хязгааргүй эрх мэдлийн төлөөх шуналаас үүдэлтэй гэж шүүх үзсэн байна.
Таван настай хүүг Лиам Конежо Рамос, аавыг нь Адриан Александр Конежо Ариас гэнэ. Туулайны дүрстэй хөх малгайтай, “Spider-Man” цүнхтэй хүүг Миннеаполис дахь гэрээс нь баривчилсан нь үндэстэн даяар эсэргүүцэл өдүүлсэн юм.
Цагаачдын албаныхан сургуульд ч ороогүй хүүхэд баривчилсан атлаа энэ ажиллагаагаар хүүхдийг онилоогүй, аавынх нь эсрэг ажиллагаа явуулсан гэж мэдэгджээ.
Аав, хүү хоёр 2024 онд Эквадороос АНУ-д орогнол хүсч ирсэн бөгөөд түүнээс хойш зохих журмыг дагаж мөрдөж байжээ.
Адриан Александр Конежо Ариасын гэр бүлийн хуульчийн гаргасан хүсэлтийн дагуу АНУ-ын дүүргийн шүүгч Фред Бьери хэргийг хянаж үзээд, аав хүү хоёрыг хоёрдугаар сарын 3-ны дотор суллахыг үүрэгдсэн байна. Шүүгч Фред Бьерийг ерөнхийлөгч асан Билл Клинтон албан тушаалд томилж байв. Тэрбээр хүүхдийг трауматай болох эсэхийг үл харгалзан квот биелүүлэхийн төлөө алдаатай ажилласан гэж засгийн газрыг буруутгажээ. Мөн цагаачдыг албадан гаргах ажиллагааг одоогийнхоос илүү хүнлэг байдлаар, хууль журмын дагуу явуулах ёстой гэж мэдэгдэв.