ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хувьд тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын парад жилийн хамгийн чухал арга хэмжээ. Энэ өдөр ОХУ хамгийн сүүлийн үеийн пуужин, танк зэрэг дэвшилтэт зэвсгүүдээ танилцуулдаг. Гэвч энэ жилийн парад даруухан болох магадлалтай байна.
Батлан хамгаалах яамны саяхан мэдэгдсэнээр парадад цэргийн академи болон Зэвсэгт хүчний цэргүүд явган жагсана. Гэвч өмнөх жилүүдээс ялгаатай нь Лениний бунханы хажуугаар ямар ч цэргийн машин техник явуулахгүй гэжээ. Албан мэдэгдэлд “Одоо үргэлжилж буй ажиллагааны нөхцөл байдлаас шалтгаалаад Суворовын цэргийн сургуулиуд, Нахимовын тэнгисийн цэргийн сургуулиуд болон кадетын корпусынхан, цэргийн техник хэрэгслийн цуваа энэ жилийн парадад оролцохгүй” гэжээ.
“Одоо үргэлжилж буй ажиллагааны нөхцөл байдал” гэх үгийн утга учрыг тайлахад сүйдтэй нарийн ухаан хэрэггүй.
Тодруулбал, фронтын шугамд Оросын арми ахиц сайтай байгаа гэж Кремлийн удирдлагууд мэдэгдэж буй ч бодит байдал тиймгүй бололтой. Украины арми Оросын газрын тос, байгалийн хийн дэд бүтцүүдэд цохилт өгөх нь нэмэгдсэнээс гадна нийслэл Москва ч урьд өмнө байгаагүйгээр дайралтад өртөж байна.
Парадын төлөвлөгөөний талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад “Бид Украины зүгээс террорист заналхийлэлтэй тулгараад буй. Украины дэглэм өдөр бүр газар нутгаа алдаж байгаа ч бүрэн хэмжээний террорист халдлагаа үргэлжлүүлсээр байна. Энэхүү аюул заналхийллийн эсрэг бид боломжит бүх арга хэмжээг авч байна. Парад болдгоороо болно, гэхдээ өнгөрсөн жилийн жагсаал ойн баярынх байсан гэдгийг мартаж болохгүй. Том хэмжээний парадыг аль нэг чухал өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ямар нэг тэмдэглэлт ой тохиогоогүй. Гэхдээ парад болдгоороо болно, хэдийгээр хэлбэр хэмжээг нь багасгасан ч гэлээ” гэжээ.
ОХУ 2022 онд Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээсээ хойш цэргийн парадынхаа цар хүрээг илт багасгасан. Тухайлбал, 2022, 2023 онд цэргийн нисэх онгоцуудаа нисгээгүй. Харин 2024 онд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Т-34 гэх ганц л танкаа гаргажээ.
Өнгөрсөн жил Нацистын Германыг ялсны 80 жилийн ой тохиосон тул парад ёслол төгөлдөр болсон. Тус парадаар Ираны Шахед дроны орос хувилбар болох Геран-2 дрон зэрэг техник хэрэгслийг танилцуулсан бөгөөд Хятадын дарга Ши Жиньпин тэргүүтэй удирдагчид ч Москваг зорьсон билээ.
Ирэх сард болох жагсаалаар уламжлалт үзүүлбэрүүдэд илүү төвлөрнө. Тухайлбал, Улаан талбай дээгүүр уран нислэгийн үзүүлбэр толилуулахаас гадна Су-25 онгоцоор Оросын далбааны гурван өнгийг үүсгэж үзүүлнэ.
Эндээс дүгнэвэл, парадыг даруухан тэмдэглэх санаа нь Путины хувьд эргэлтийн цэг болж байна.
ЗХУ задарснаас хойших анхны зэвсгийн үзэсгэлэнг ОХУ 2008 онд дэлгэсэн. Тухайн үед Путин Улаан талбайд танк, пуужингийн үзүүлбэр үзүүлэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Энэ бол сүр хүчийг үзүүлэх гэсэн оролдлого биш. Бид хэнийг ч заналхийлээгүй, тэгэх санаа ч байхгүй. Бид хэнийг ч юунд ч хүчлээгүй. Бидэнд бүх зүйл хангалттай хэмжээгээр бий. Энэ бол өсөн нэмэгдэж буй батлан хамгаалахын чадавхиа л дэлгэн үзүүлж буй явдал. Ард иргэд, төр улс, эд баялгаа хамгаалах чадамж бидэнд бий” гэж байсан юм.