Орос болон Украин амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцов

Орос болон Украин улс Пүрэв гаригт (2026.01.29) амь үрэгдсэн цэргүүдийнхээ цогцсыг солилцлоо. Оросын тал мянган украин цэргийн цогцсыг Украинд шилжүүлсэн. Рарин Украин 38 орос цэргийн цогцсыг Орост буцаан өгсөн байна. Энэ тухай ОХУ-ын Төрийн Думын гишүүн, эрх баригч Нэгдсэн Орос намын төлөөлөгч Шамсаил Саралиев “RBC” мэдээллийн сайтад мэдэгджээ.

Саралиев хамгаалалтын цагаан хувцас өмссөн хүмүүс хөргүүртэй ачааны машинуудын ойролцоо зогсож буй болон Улаан Загалмайн тэмдэгтэй автомашинуудын зургийг нийтэлсэн байна. Украины олзлогдсон дайчидтай холбоотой асуудлыг хариуцсан штаб солилцоог баталж, Олон улсын Улаан Загалмайн хороонд талархал илэрхийлжээ. Украины тал “Telegram” хуудсаараа дамжуулан “Өнөөдөр цогцос буцаан шилжүүлэх ажиллагаа явагдаж, Оросын талын мэдэгдсэнээр Украины хамгаалагчдынх гэж үзэж буй 1,000 цогцос Украинд буцаж ирлээ” гэж мэдэгдсэн байна.

Мөн хууль сахиулах байгууллагын мөрдөн байцаагчид “Украины шүүх шинжилгээний шинжээчидтэй хамтран буцаан авсан цогцсуудыг таних бүх шаардлагатай ажиллагааг явуулна” гэж нэмж дурджээ. Солилцоо яг хаана болсон нь албан ёсоор зарлагдаагүй ч Украины штабын нийтэлсэн нэг зурагт “Чернигов” гэсэн замын тэмдэг харагдсан. Тиймээс Украин улсын хойд хэсэгт, Беларусь болон ОХУ-ын Брянск мужтай ойролцоо болсон байж болзошгүйг харуулж байна. 2022 оны хоёрдугаар сард Орос Украинд бүрэн хэмжээний халдлага эхлүүлснээс хойш амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг буцаан шилжүүлэх болон олзлогдогсдыг солилцох нь хоёр талын хамтын ажиллагаа үргэлжилж буй цөөн салбарын нэг хэвээр байна. Москва болон Киев 2025 онд нийт 14 удаагийн солилцоо хийж, Украинд 14,480 цогцос, харин Орост 391 цогцос буцаан шилжүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн